Хичээлийн шинэ жилийг хэвийн эхлүүлэх нь Боловсролын яамны үүрэг юм

 

Энэ хичээлийн жил урьдынх шигээ эхэлсэнгүй. Өнөөдөр 15 сургуулийн багш ажил хаяж, 30 гаруй мянган сурагч гэртээ өнжсөн тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

9 дүгээр сарын 1-ний өдөр бямба гаригт тохиож, өнөөдөр /2018.9.3./-ийн даваа гаригт хичээл албан ёсоор эхэлж байгаа юм.

Гэвч дээр хэлснээр нэлээд хэдэн сургуулийн багш нар ажил хаялаа. Өнөө өглөө хичээл сургууль орох эсэхийг ч мэдэхгүй эцэг эх, сурагчид олон байсныг энд хэлэх хэрэгтэй байх. Зарим сургуулийн багш ч бас мэдээлэлгүй, “Хичээл орж ч магадгүй, орохгүй ч байж магад” гэж сурагчид руугаа утас цохиод сууж байв.

Мэдээж хэрэг, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардах нь тэдний эрх. Гэхдээ сурах боловсрох нь хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан нь бий.

Ингэхээр нэг талаас багш нар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн бойкот хийж, ажил хаясан нь сурагчдынхаа эрхэнд халдчихаж байгаа юм.

Бусдын эрхээр өөрийнхөө эрхийг хязгаарлагддаг гэдэг ардчиллын алтан дүрмийг багш нар мартах ёсгүй.

Нөгөө талаас хичээлийн шинэ жилийг хэвийн эхлүүлэх үүрэг нь БСШУСЯ, түүний сайд Ц.Цогзолмаагийн үүрэг байдаг. “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан байна.

Гэвч хэдэн багштайгаа хэл амаа ололцолгүй, нийгэмд хэвийн бус уур амьсгал бий болгосон нь БСШУСЯ-тай холбоотой гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE