Хэмжээ зөрвөл нурах аюултай шүү, Ерөнхий сайд аа?!

Д.Бат-Очир

Тоосго сугална гэхээр манайхан маш сайн мэддэг болчихсон юм. Шууд л ойлгоно. Голдуу ганц нэг тоосго сугалаад л онхолдуулчихсан жишээ манайд олон бий.

Уг нь тоосгыг гаднаас нь сугалдаг байв. Үйрч унах шахаад эмтэрчихсэн, өнгө зүс нь муудаад шавар чулуу нь яйрчихсан тоосгыг гаднаас танихад амархан. Дотроосоо агаар салхи үзэхгүй болохоор янзандаа, ялгарах юмгүй.

Харин энэ удаад гаднаас ирсэн мэдээллийн дагуу нэг тоосгыг дотроос нь өшиглөөд хаячихлаа. Дараахан нь гурван ч тоосгоны даац муудаж, хугацаа нь болж байж магадгүй гэж яригдах болов. Гэхдээ тэр тоосгонуудыг дотроос нь бол өшиглөхгүй. Гаднаас нь л сугалж мэднэ.

Гэлээ гээд хэзээ хэдэн тоосгоо сугалуулна гэж хүлээх билээ дээ. Өшиглөөд хаясан тоосгоныхоо оронд өөр нэгийг хийх гээд хэмжээ дамжаа, бөх бат чанарын судалгаа хийгээд л байх шиг байна.

Яг өмнөх шиг нь янзын таарах тоосго олохгүй бол томдоно, эсвэл багадна. Бүр уртдаж, бас богинодож мэднэ.

Хамгийн гол нь яг таарч, онгойсон нүхийг бөглөх л хэрэгтэй. Ингэх уг нь амархан. Анх тэр тоосгыг авсан “үйлдвэр”-ээсээ, тэрэн шиг хэмжээтэйг захих хэрэгтэй юм.

Хэрвээ тэгэхгүй бол өөр үйлдвэрийн тоосго ирвэл даацанд нөлөөлнө. Улмаар тэр чигтээ нурах аюултай.

У.Хүрэлсүхийн Засгийн газар яг л ийм байдалтай байгаа юм. Хоёр хүний нэр яригдаж байх шиг байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Я.Содбаатар хоёрын нэр ЗТХ-ийн сайдад илүү хүчтэй өрсөлдөж байна.

Өмнө нь байсан Ж.Бат-Эрдэнэ бол ямар ч байсан 32-ын бүлэг буюу УИХ-ын дарга М.Энхболддын талын томилгоо байсан. Бүүр цаана нь бас нэг эзэн дуулддаг юм.

Одоо оронд нь яригдаад байгаа хоёр хүний Я.Содбаатар нь 33-ын бүлэг буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынх, Д.Хаянхярваа нь УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэж яриад байгаа. Хэрвээ тийм бол Ерөнхий сайд үг дуугүй Д.Хаянхярвааг л сонгох хэрэгтэй. Учир нь тэр хүн өмнөхтэй нэг үйлдвэрийн, нэг хэмжээний “тоосго” юм.

Харин ойр дотноо бодоод Я.Содбаатарыг сайд болговол Засгийн газар нь л нэг том нээнтэгтэй болно. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатар бол өмнөх тоосгоноос тэс өөр.

Ер нь тэгээд Засгийн газраа тогтвортой байлгаж, улс орноо бодвол хэнийг нь болгох вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй юм. Хадлан, тариалангийн цаг ирчихсэн. Утаанаас эхлээд өвлийн зовлон хаяанд ирлээ. Тэр мэтээ бодоход хайран цагаа зарцуулбал дээр. Тэгэхээр сонголт Д.Хаянхярваа гэдэг “тоосго” дээр бууна гэсэн үг.

Ер нь тэгээд У.Хүрэлсүх тэртэй тэргүй жилийн өмнө тохироогоор Засгийн газраа бүрдүүлээд “АМЬТНЫ ФЕРМ” байгуулчихсан юм. Тэр нь өдрөөс өдөрт гороо үзүүлж л байна. Өөрийнхөө санаагаар засгаа бүрдүүлсэн бол өнөөдөр ингэж үйлээ үзэхгүй л байлаа.

Одоо өнгөрсөн. 2020 оны сонгууль, хамгийн гол нь Монгол Улсаа бодоод энэ мэт жижиг асуудлаар тархиа гашилгаж, бойкотод орж суух хэрэг юун. Хэмжээгээр нь л буцаагаад хийчих, тэгвэл нурахгүй, унахгүй.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE