Өөрийнхөө туслах, хүүгийнхээ жолоочийг өндөр албан томилсон гэв

АТГ-ынхан “Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна” гэж өнөөдөр /2018.8.27./ мэдэгдлээ.

Тэд “…Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэв.

Мөн “Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE