Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.8.22./ 14:00 цагт хуралдахаар зарлагдлаа.

Тус хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн шаардсанаар ээлжит бус чуулган зарлах эсэхийг хэлэлцэх юм байна.

Мөн энэ нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн гурван шаардлагын нэг юм. Тэрээр УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх, “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээлгэх, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Нээлттэй сонсгол зохион байгуулах тухай гурван зүйлийн шаардлагыг энэ сарын 20-ны дотор биелүүлэхийг шааррдсан байдаг. УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хугацаанд амжиж хариуг нь өгсөн. Ингэхдээ “Туйлын харамсаж байна” гэдгээ бичгээр илэрхийлж, мөн НПГ-аас “60 тэрбум”-ын хэргийг сэргээсэн тухай тогтоолыг хавсаргасан байна. Харин гурав дахь шаардлага буюу УИХ-ын ээлжит бус чуулганы талаар “Миний бие ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 2 удаа хуралдуулж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцүүлээд байна. Даргын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 18, 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг Байнгын хорооны даргад өгсөн. Тус Байнгын хороо ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргахаар ажиллаж байна “ гэсэн хариуг өгөөд байсан юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE