УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг өгчээ

УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсныхаа төлөө ард түмнээс уучлалт гуйх, “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээлгэх, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Нээлттэй сонсгол зохион байгуулах тухай гурван зүйлийн шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өгсөн.

Уг шаардлагын хугацаа өчигдөр /2018-8-20/ дуусгавар болсон юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд дээрх хугацаанд амжуулан аижлын цаг дуусахын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд шаардлагын хариуг өгсөн байна.

УИХ-ын дарга 1/9587 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиггээ “Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсарган хүргүүлэв” гэсэн байна.

Тэрхүү хүсэлтэд нь “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдож, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурлаар намын зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэхүү харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан Монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье” гэжээ.

Энэ асуудлаа МАН-ын Хяналтын Ерөнхий хороо 13 дугаартай тогтоол гаргаж “МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлага тооцож, цаашид МАН-ын гишүүдийн зүгээс энэ асуудлыг дэврээж хандахгүй байхыг намын бүх шатны байгууллагад чиглэл болгохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

Мөн  УИХ-ын дарга М.Энхболд “МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайгийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай” 02 тоот тогтоолыг хавсаргасан байна.

Нийслэлийн Ерөнхий прокурорын уг тогтоолд “Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын  4-ний өдрийн №25 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн эрүүгийн 170200016 дугаартай хэргийг ТЕГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу хянаад Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцааах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/59, А/161, А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, мөрдөгч нарт даалгасугай” гэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “Миний бие ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 2 удаа хуралдуулж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцүүлээд байна. Даргын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 18, 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг Байнгын хорооны даргад өгсөн. Тус Байнгын хороо ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргахаар ажиллаж байна “ гэжээ.

Мөн тэрээр уг албан бичгээрээ дамжуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг чуулгандаа суухыг урьсан байна. Бичигт “Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлж, цаашид нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож байхыг зөвлөж байна” гэсэн байна.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE