“Хангайн бүсийн чуулга уулзалт-2018”-ын шилдгээр Oрхон аймаг шалгарлаа

Ардчилсан намын “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчдээс гадна Ардчилсан намын дэргэдэх байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцов. Мөн энэ удаагийн бүсийн чуулга уулзалтад зочин дүүргээр Багахангайчууд оролцож, туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцсон юм.

 

Гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд Ардчилсан нам шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэгээхэн хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд билээ. Монгол орноо бүсчлэн хувааж, анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийнхээ чадавхи, оролцоог сайжруулах зорилгоор эхлүүлсэн ажил хангайн бүст үргэлжилсэн юм. Залуусын идэвхи, оролцоо өндөр байсан нь энэ удаагийн бүсийн чуулганы онцлог байв. Үүний илэрхийлэл болгож, “Ардчилсан залуучуудын холбоо” өргөтгөсөн хуралдаанаа зохион байгуулсан.

 

Түүнчлэн “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018”-д оролцогчид “Санаа-Сэдэл-Манлайлал” тэмцээнд оюун ухаанаа сорьж, сургалтад хамрагдаж, санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа”, “Ардчилсан намын үзэл баримтлалын танилцуулга”, “Орон нутгийн хөгжил, сорилт, олон улсын туршлага”, “Улстөрийн манлайлал ба багаар ажиллах удирдлага”, “Төрийн албаны инноваци”, “Залуучуудын оролцоо манлайлал”, “Улстөр дахь эмэгтэйчүүдийн оролцоо түүний ач холбогдол” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдсан юм.

 

Энэ жилийн бүсийн отгон чуулганд оролцогчид спорт, урлагийн тэмцээнд авъяас, чадвар, хурд хүчээ сорьж, Орхон аймаг шилдгээр шалгарсан нь Ардчилсан намын түүхийг бичилцэж, түүчээлэн, өртөөлөх залуусын оролцоо, чадавхийн илэрхийлэл байлаа.

Эх сурвалж: http://demparty.mn

SHARE