Солонгосын сайд нар ингэж солиорсон бол баларсаан!

Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар ойлгоход бэрх үг, үйлдлийг гаргах болов. Тоглоод байна уу даа гэмээр зүйлийг тэд хийдэг болсон байна.

Боловсролын сайд Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Нарны хороолол”-д баригдсан 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийг Засгийн газар 17.8 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон тухай мэдээлэв. Тэрээр энэ талаар “Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй. Тийм зүйл байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр “Тухайн байрны оршин суугчдаас хүсэлт маш их ирж байна. Ц.Цогзолмаа сайд яаралтай энэ асуудлыг шийд” гэж Ерөнхий сайд хуулийн хүрээнд надад үүрэг өгсөн. Энэ дагуу л процесс өрнөсөн юм” гэжээ.

Бас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХСҮТ-ийн хашаанд дэлхийн жишигт нийцсэн хавдрын стандартын эмнэлгийг хувийн хэвшлийн төлөөлөл барьж байгуулж байна. Үүнийг нууж хаагаад байх юм байхгүй. М.Билэгт гишүүн УИХ-д бизнесийн төлөөлөл болж байдаг. Тэрээр төрд энэ эмнэлгийг өгөх зориулалтаар бариагүй нь тодорхой шүү дээ. Эрүүл мэндийн салбарт эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд хавдрын чиглэлээр хувийн эмнэлэг барих зорилт тавьсан юм билээ. Тиймээс энэ  эмнэлгийг мэргэжлийн хяналтын байгууллага, үнэлдэг газрууд нь ажлын хэсэг гараад, үнэлээд, тооцоод төрд авах саналыг Засгийн газарт оруулна. Түүнээс биш УИХ-ын гишүүд бие биенийхээ бизнесийг дэмжээд, М.Билэгт гишүүн төрд эмнэлгээ шахаад байгаа гэдэг зүйл огт байхгүй” гэж хэвлэлд ярьжээ.

Монгол л юм болсон хойно Б.Чойжилсүрэнгийн сургууль цэцэрлэг, М.Билэгтийн эмнэлэг гэх хоёр объектыг төр худалдаж авах нь тодорхой. Харин хамгийн ойроор жишээ авахад Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл хоёр Солонгосын сайд байгаад, ингэж солиорсон бол балрахгүй юу?!

 

Эх сурвалж: www.news1.mn

SHARE