Өөрсдийг нь “ходоод”-оороо сонгодог гэдэгт тэд итгэдэг

Монголчууд 1990-ээд оноос хойш том жижиг 20-иод сонгууль хийгээд байна. Сонгогчид ч өөрийн гэсэн үзэл бодол, сонголтоороо ханддаг болсныг мэргэжлийн болоод судалгааны байгууллагууд хэлдэг.

Олоон жилийн өмнө, 1990-2000-аад оныг хүртэлх сонгуульд “ходоод”-оороо хандаж байсан явдал бол бидэнд бий. Аргагүй юм. Улс орон хямарчихсан, эдийн засаг хүнд байлаа. Ямар нэг сонгуульд нэр дэвшиж байгаа хүн гурил будаахан ачаад, хошин шгийн хэдэн жүжигчин, нийтийн дуучидтай хамт дагуулаад тойргоороо явчихдаг байлаа. Хэн сайн “шоу” хийсэн нь ялж, Их хурлын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч болдог байв. Ийм өрсөлдөөнөөс Ерөнхийлөгч ч төрж байлаа. Ингэж санал авахыг улстөрчид “ходоодны сонголт” гэдэг байв.

Харин өнөөдөр байдал өөр өө. Дээр хэлснээр сонгогчид ходоодоороо бус тархиараа сонгодог болсон.

Тэгвэл зарим нэг улстөрчид сонгогч биднийгээ одоог хүртэл “ходоод”-оороо сонголтоо хийдэг гэж ойлгоод л яваад байдаг бололтой юм.

Өнгөрсөн парламентад Баянхонгороос нэр дэвшиж орж ирсэн Д.Ганбат гэж гишүүн байлаа. Нутагтаа очиж “дөчийн бидон” тараагаад “Бидон Ганбаа” гэдэг нэртэй явсаар бүрэн эрхээ дуусгасан. Харин энэ парламентад Архангайгаас нэр дэвшиж сонгогдсон МАН-ын залуусын НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн тойрогтоо өөрийн нэртэй шанага тараасан мэдээлэл тарав. Тун удалгүй Баянхонгороос Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаярыг 97-хон хүнээр ялж Их хурлын гишүүн, “Ачлал” их дэлгүүрийн эзэн М.Билэгт тойрогтоо өөрийнхөө зурагтай данх тараажээ.

Уг нь бол хөдөөгийн ард түмэнд шанага ч хэрэгтэй, данх ч хэрэгтэй. Гэхдээ заавал нэрээ сийлж, зурагаа буулгаж “дурсгах” хэрэг юун. Ингэлээ гээд тэднийг БИДОН ГАНБАА гэдэг шиг ШАНАГА ТЭМҮҮЛЭН, ДАНХ БИЛЭГТ гэх үү. Юутай ч эрхэм гишүүдийн энэ үйлдэл нь тэд биднийг одоо ч “ходоод”-оороо сонгодог гэдэгт итгэдэг юм байна, та минь ээ…

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE