Г.Түвшинжаргал: Салаан даргаасаа сүүлчийн тушаалаа аваад огшсон сэтгэлийн минь илэрхийлэл

Сүүлийн хэдэн жилд амжилттай хэрэгжиж  байгаа гэрэл гэгээтэй, нэг хөтөлбөр бол “Оюутан цэрэг” сургалт юм. “Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой. “Оюутан цэрэг-2018” сургалтад 1000 оюутан хоёр сарын турш хамргадаад, өнгөрсөн баасан гаригт “халагдсан” юм.

Тэр үеэр нэгэн оюутан цэргийн нулимс дуслуулж буй зураг цахим сүлжээнд тавигдаж, хүмүүс янз бүрийн сэтгэгдэл “урсгасан” байна.

Тэгвэл энэ зурагны эзэн, оюутан цэрэг Г.Түвшинжаргал тайлбар хийжээ. Тэрээр “Би байлдагч Түвшинжаргал. Хэдий дээр үеийнх шиг 3, 5 жилээр нь цэргийн алба хаагаагүй ч 2 сар 60 хоног цэргийн ногоон платканд байрлаж, ногоон хувцсыг нь өмсөж, ногоотой шөлийг нь идсэн хүний хувьд хэлэхэд:
25 байлдагч нэг салаа болж, хамтдаа унтаж, нэг тогооноос хоол идэж, бороонд норж, халуун наранд шарагдаж, хамтдаа хөлсөө урсгаж, хамтдаа баярлаж, нэг хүн шиг болцгоосон андуудаасаа одоо ингээд хагацна гэхээр ямар ч хүний нулимс урсдаг юм. Доорх зурган дээр би гэрийнхнээ хараад аль эсвэл гуниглаж уйлж байгаа юм биш бүхий л үед түшиг минь болсон анд найзуудаараа сүүлчийн удаа жагсаж, цэргийн амьдрал гэж юу байдгыг мэдрүүлсэн салаан даргаасаа сүүлчийн тушаалаа аваад ЭРХЭМ ДЭСЛЭГЧ БАЯРТАЙ гэж хэлэх тэр мөчид огшсон сэтгэлийн минь илэрхийлэл болж нулимс минь урссан юм” гэжээ.

Тийм л дээ, үнэн байдлыг нь мэдээгүй хэрнээ халь харснаа, сонссоноо хошууран сайлж, муулдаг цахим сүлжээний сул тал энэ юм.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE