О.Цэрэннадмид: “Бороо гоулд” компани Монголын түүх, соёлд маш хэрцгийгээр хандлаа

“Бороо гоулд” компанийн ашиглалтын талбай дахь чингэлгээс палеонтологийн олдвор олдсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Эрүүгийн цагдаагийн албанд анх энэ тухай мэдээлсэн “Ноён уулаа аваръя хөдөлгөөн”-ий тэргүүн О.Цэрэннадмидтай энэ тухай цөөн хором ярилцлаа.

-Ноён уул дахь уул уурхайн лицензийг цуцлуулах асуудлаар та бүхэн шүүхдэлцэж байгаа. Энэ хэрэгт хариуцагчаар татагдсан “Сентерра гоулд” компанитай толгой нэг “Бороо гоулд” компанийн ашиглалтын талбайгаас палеонтологийн олдвор олдоод байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Цагдаагийн байгууллагад анх энэ тухай мэдээлэл өгсөн хүн нь би юм. Монголынхоо түүх соёлынхоо төлөө сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тэд бидэнд анх энэ мэдээллийг өгсөн. Түүний дагуу бид цагдаад анх мэдэгдсэн.  Цагдаа нар ганц чингэлэг онгойлгоход л 3-4 олдвор гаргаж авсан. Монголын цагдаа нэг хамгаалалтын албанаас дор байна гэдэг үнэхээр харамсалтай. Бидний үзэж байгаагаар алт ухахыг эсэргүүцэхээр булшийг нь ухсан байх магадлалтай. Монголын түүх соёлын олдворт маш хэрцгийгээр хандсан байгаа юм.

-Тодруулбал?

-Олдворуудыг техникээр ухаж гаргасан байсан.

-Техникээр ухаж гаргасан гэдгийг та яаж мэдэж байна вэ?

-Техникээр ухсан болоод зааны өрөөсөн соёо гарсан. Хирсний эврийн тал байсан. Хэрэв мэргэжлийн дагуу ухсан бол эдгээр олдвор бүтнээрээ байх ёстой.

-Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар уул уурхайн талбайд олдвор илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Та бүхэн анх цагдаад мэдээлэл өгснийг бодоход энэ хууль зөрчигджээ гэж үзэж болох нь ээ?

-Олдвор илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа шууд зогсоож орон нутгийн засаг захиргаа болон мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Гэтэл төмөр чингэлэгт хадгалж байна гэдэг Монголын түүх соёлын эсрэг үйл ажиллагаа болсон. Мэргэжлийн хүмүүс бол олдворыг газрын хэвлийгээс бүрэн бүтэн гаргаж авахын тулд маш нарийн үйл ажиллагаа явагддаг. Хадгалах орчин ч маш өөр. Монгол Улсын түүх соёлын олдвор чингэлэгт хадгалчихдаг төмөр үү, ийм хямдхан гэж үү?

-“Бороо гоулд” компани хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулаагүй гэж мэдэгдэж байгаа?

-Татвар төлснөө хамгийн түрүүнд зарлаад байгаа. Тэдний үүрэг шүү дээ. Тэгж яривал “Бороо гоулд” компани 15 жил олборлох ёстой 45 тонн алтыг 2004-2009 оны хооронд тавхан жилийн хугацаанд ямар татвар татаасгүй ухаад авчихсан шүү дээ. Монгол Улсад ямар ч ашиг өгөөгүй.

-Чингэлэгт хадгалж байсан олдворуудыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөх байсан уу, өмнөх жилүүдэд уул уурхайн үйл ажиллагааны явцад олдвор олдсон уу, хэрэв олдсон бол хаана байна вэ гэх эргэлзээтэй асуулт олон нийтэд байх шиг байна?

-Тийм. Ноён ууланд 17 их хааны онгон байдаг. Бас дээр нь маш эртний амьтдын олдвор байж. Бүр Монголын газар нутагт хирс хүртэл амьдарч байсан байна. Бүхэл бүтэн яс нь хаачив. Магадгүй онгоцоор гадагш зөөсөн байхыг үгүйсгэхгүй.

-Ноён уулаа аваръя хөдөлгөөний нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” компанид холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 16-нд товлогдсон. Хурал юу болов?  

-Хурал энэ сарын 30 хүртэл хойшлогдсон. Миний болон Монголын ард түмний эсэргүүцэж байгаа гол шалтгаан  шүүх хурал хойшлогдсон явдал. Анхан шатны шүүх хуралтайгаа нийлээд 39 дэх удаагаа хойшлогдож байна. Үүнд үнэхээр бухимдаж байна. Энэ хуралд Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Дундговь гээд 10 гаруй аймгийн дэмжигч иргэд, НҮБ, ЮНЕСКО-г төлөөлсөн ажиглагчид оролцох байсан.

Манай талаас хэзээ ч хурлыг хойшлуулж үзээгүй. “Сентерра гоулд” компанийн өмгөөлөгч н.Баатарсайхан Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Хятадын “Шинь Жин” гэх компанийг өмгөөлөх шүүх хурал давхцсанаас хойшлууллаа. Монголын ард түмний язгуур эрхийг хөндсөн давж заалдах шатны шүүх хурал Хятадын компанийн асуудлаас болж хойшлогдож байна гэдэг эмгэнэл. Өмгөөлөгч Баатарсайхан хуульч хүний ёс зүйн хувьд хятад компанийн асуудал чухал уу, Монголын түүх соёл, нийтийн эрх ашгийг хөндсөн давж заалдах шатны хурал чухал уу.

Эх сурвалж: news1.mn

SHARE