“Бороо гоулд” компани түүх, соёлын олдворуудыг нуудаг уу?

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” компанийн талбайд байрлах чингэлгүүдээс палеонтологийн олдворууд олджээ. Иргэдээс ирсэн мэдээллийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын дарга C.Баатаржавын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд энэ сарын 10 буюу өнгөрсөн бямба гаригт “Бороо гоулд” компанийн талбайд шалгалт хийсэн байна. Нийт 100 гаруй чингэлгээс эхний хоёр чингэлэгт хийсэн үзлэг шалгалтаар палеонтологийн хэд, хэдэн олдвор илэрчээ. Тодруулбал, динозаврын дунд чөмөгний 4 метр урт яс арслан зааны 3 метр урт соёо, хирсний 2 метр урт эвэр зэрэг байжээ.

Эрүүгийнхэн шалгалтаа үргэлжлүүлэхийг хүссэн ч “Бороо гоулд” компанийн хамгаалалтын ажилтнуудын эсэргүүцэлтэй тулжээ. Хамгаалалтын ажилтнууд цагдаа нарыг хэл амаар доромжилж, зодсон тухай мэдээлэл байна. Үүнээс үүдэж шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын эх сурвалжмэдээлэл өгөх боломжгүй гэсэн боловч болсон үйл явдлыг үгүйсгэсэнгүй. Харин орон нутгийн эх сурвалж “Тэр өдөр амралтын өдөр байсан. Баянгол сумын Засаг дарга, ИТХ-ын дарга албан ажилтай байсан. Мөн байгаль орчны байцаагч Түнхэл тосгон руу томилолттой байсан учр орон нутгаас төлөөлөл очиж чадаагүй. Зөвхөн Эрүүгийн цагдаагийн албаны албан хаагчид очсон. Шалгалтын явцад палеонтологийн олдворууд чингэлгүүдээс гарч ирсэн. Техникээр ухаж аваад зориулалтын бус чингэлэгт хадгалчихсан байсан нь маш ноцтой асуудал” гэв.

 

“Бороо гоулд” компани энэ оны 1-р сарын байдлаар Сэлэнгэ аймагт ашиглалтын 7 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдүгээ түүх соёлын үнэт олдворуудыг хамгаалахаар Сэлэнгэ аймгийн Ноён уул дахь тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах нэхэмжлэлтэйгээр шүүхэд дуудагдаад байгаа “Сентерра гоулд” компанитай толгой нэг компани юм. Тиймээс тусгай зөвшөөрлийнх нь талбайд түүх соёлын үнэт олдворууд байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс батлан ярьдаг.

Соёлын өвийн тухай хуулиар уул уурхайн хайгуул ашиглалтын явцад түүх соёлын олдвор илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож, мэргэжлийн байгууллагад хандах заалттай. Гэвч хууль зөрчин чингэлэгт хадгалж байсан нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмыг ноцтой зөрчсөн асуудал болов. Түүгээр зогсохгүй тусгай хүчний байгууллагын үйл ажиллагааг хүч хэрэглэн зогсоосон нь давхар асуудал үүсгэх нь тодорхой боллоо.

“Бороо гоулд” компани чингэлэгт хадгалсан олдворуудыг хэрхэх байсан бэ. Үйл ажиллагаа явуулж ирсэн өмнөх жилүүдэд олдсон олдворууд хаачив?

Гагцхүү олон арван чингэлгээс эхний хоёр чингэлэгт нь ийм хэмжээний түүхийн олдвор байсан гэвэл үлдсэн чингэлгүүдэд ч олдвор байсан нь ойлгомжтой. Тэдгээр нь Монгол Улсын хэдэн зуун, мянганы түүх, соёлыг илтгэх үнэ цэнэтэй олдворууд байсан, цаашид хэрхэх вэ гэдэг нь мэргэжилтнүүд төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Эх сурвалж: news1.mn Б.Энхжав

SHARE