“БОГДЫН”  АЛАГ МОРЬ

Нийтлэлч, судлаач Н.Санжаадорж 

Сэцэнхан аймгийн Хэрээ хөхөлийн шавийн “хамар” Даваа гэх хүний тухай номонд бичигдээгүй ч нутгийнханд үлгэр мэт яригдсаар өдий хүрчээ. Даваа нь хамар томтой хүн байснаас ийм хоч нэртэй болсон гэдэг. Зарим нь түүнийг  ламын сахилтай ч гэх нь бий.  Тэрээр гоё хувцас өмсөөд янз бүрийн эд хэргэлэл зүүж гангарч явдагийн дээр төрөл бүрийн аяг үзүүлж олны анхаарлыг татаж үймүүлдэг, марзан талх хүн байж л дээ. Түүний хүнд хоргүй атлаа хүний санаанд оромгүй үйлдэл хийдэг,  инээдмийн жүжиг тоглож байгаа юм шиг  маяг үзүүлж явдаг  шогч  хүн байсан байдаг.

Ийм нэгэн явдал болжээ. “Хамар” Даваа мань эр долоон хошуу даншиг наадам дээр их ганган эмээл хазаартай морьтой, гоё хувцаслаад наадамчид дундуур өдөржин явсан байна.  Улсууд тоож харцгаахгүй байж. Тэгэхлээр нь нөхөр  маргааш нь өттэй ингэ хүнээс гуйж аваад, дээр нь гоё эмээлээ тохоод, бөхөнд нь мөнгөн хазаараа углаад, өөрөө ганган дээл, хэрэглэлээрээ гоёод наадамчид дундуур ингээ бахируулаад л            хэвтэж босгоод явсан чинь наадамчид наадам үзэж байгаа юм шиг тойрч бүчээд зайгүй шавцгаахад түүнд таатай байсан гэдэг юм. Ийм л марзан хүн байж.

Даваа нь угаасаа панзчин наймаачин хүн. Хүрээ, гадаа явж арилжаа наймаа хийх нь байнгын ажил байж. Харин  хожуу  нэр холбогдсон  түүхэн  явдал бол “хамар” Даваагийн гар дээрээс ирээдүйн “Түмэн эх” хязаалан алаг морь  Жасын хөх Дондогт зарагдсан нь үнэн ажээ. Жасын хөх Дондог шавь хүн болохоор өөрт орж ирсэн ийм буянт хүлэгийг Богд гэгээнд өргөж түүний нэрээр цоллуулах нь албан ёсны л хэрэг байв. Хүрээнд арилжигдсан энэ алаг үрээ “Богдын алаг” хэмээн хүндлэгдэн нэр алдарын оргилд хүрсний зэрэгцээ Хэрээ хөхөл, Хөхөл хайрханы унага гэж яригдсаар ирсэн нь зөв л байсан юм билээ.

Хурдан морь судлаач Донойн Даваажанцан, Донойн Цэгмэд нар “Морин эрдэнэ” номондоо тэмдгэлсэн нь “1899 оны шаргачин гахай жил” Богд Жавзандамба хутагтад уламжлалт Даншиг наадам хийх болоход түүн дээр “Луут шүхэр түшлэгээр” шагнагдсанд бүх халхын таван газраас Бат-Оршил давхар өргөөд, 5 насны 1229 хурдан морь уралдуулсаны 466 нь барианд оржээ…” “Соёолон насанд 315 уралдсанаас Их шавийн хээр алаг анх түрүүлсэн…” /номны 78, 79-р тал/ гэсэн байдаг. Энэ бол Даншиг наадамд олон түрүүлснээрээ нэр нь дуурсагдаад байгаа Богдын алаг морины анхны түрүү байжээ. Энэ жилийн даншиг наадам нь анх азарга, жороо морины уралдааныг нэмж уралдуулж эхэлсэн  урьд өмнөх даншиг наадмуудаас онцлог,  өргөн дэлгэр наадам болсон байна.

Энэ наадамд түрүүлсэн соёолон алаг морины тухай “Морин эрдэнэ” номыг зохиогчид онцлохдоо “Энэ морь Сэцэнхан аймгийн Өндөрхаан уулын хошууны “Хэрээ хөхөл” гэдэг газар төрсөн унага. Хээр алаг үрээг  эзэн нь Богдын хүрээний малын зах дээр худалдах гэж байхад нь Их шавийн нэрт уяач Жасын “хөх” Дондог шинжин таниад 10 лан мөнгөөр худалдан авч уяж хурдлуулсанаар долоон хошуу даншиг наадамд олон удаа түрүүлсэн түүхтэй гэж партизан Ж.Дамдин гуай бичсэн ажээ… гэсэн байна. Ингэж  тэмдэглэгдсэнийг магадлан  Богд эзний “Түмэн эх” хээр алаг морины тухай  төрсөн нутгийн буурал жимээр судлан сурвалжлахад уг гарвал, унаган эзэн, авуул эзэд, дамжин арилжигдсан зэрэг онцлог  үйл явдлууд нь ард олны дотор домог  болон яригдсаар иржээ.

Үүнтэй холбогдуулж  “Морин эрдэнэ” номыг зохиогчдын онцолсон нутаг орны талаар зарим тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Халхын Сэцэнхан аймгийн Сэцэнханы хошууг Ардын засгийн шийдвэрээр 1923 оноос Өндөрхаан уулын хошуу гэж өөрчилсөн байдаг. Богдын алаг морь ид хурдалж байх үед “Сэцэнханы хошуу” гэдэг байж. Тиймээс зохиогчид өмнөх нийгмийн үзэлд нийцүүлж, уншигчдад хүргэх үүднээс “Өндөрхаан уулын хошууны” гэсэн болов уу… гэж дүгнэхэд хүргэж  байгаа юм.

Харин нутгийнханы шүтээн “Хэрээ хөхөл” гэж жижигхэн шовгор уул өнөөгийн Хэнтий аймгийн төвөөс баруун урагш 80 орчим км зайд Хэрлэн голын урд эрэгт Баянхутаг, Мөрөн, Баянмөнх зэрэг гурван сумын зааг газарт бий. Үүнээс зүүн хойшоогоо 5км орчим зайд Хэрлэн голын хойно Бүс уулын баруун талд суварга байгаа. Тэнд “Хэрээ хөхөлийн хийд” байжээ. Одоогийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутаг юм. Энэ нутаг дахь айл отгуудыг Хэрээ хөхөлийн шавь нар гэцгээдэг байж. Нийтээрээ Богдын шавь нар байсан хэрэг. Шавь нарын тэргүүн нь “Халхын шингэн цагаан гэлэн” хэмээн нэрлэгдсэн Чойнзон цорж ажээ. Хэрээ хөхөлийн “Цагаан цорж” гэж алдаршсан энэ хүн Богд хааны дэргэдэх 7 цоржийн нэг нь байсан гэдэг. Хавар нь энэ нутагтаа ирж зунжин ном уншиж бясалгаж  байгаад намар нь хүрээндээ буцдаг. Цойнзон цорж нь Сэцэнханы их уяач Мангал туслагчийн өргөмөл хүү энэ нутгийн унаган хүүхэд юм. /Н.С. “Хүлэгч-Хүлэгс” хуудас 170-р тал/ Хэрээ хөхөлийн шавь нарыг дотор нь сунидынхан, багайнхан, хамрынхан гээд садан төрлөөр нь овоглон нэрлэдэг байж.

Хэрээ хөхөлийн хийдийн лам “багайнханы” хулцага С.Банзрагч гэж  төвд бичиг үсэгтэй, ном их уншдаг өвгөн байв.  1980-аад он хүртэл ная шахам насалсан хүн.  Хэнтийн Мөрөн сумын нутаг дахь  Чандаганы уурхайг анх нээж илрүүлсэн хүн гэдгээрээ алдартай. Тэрээр элдэв түүхэн дурсгалт зүйл цуглуулж, тэмдэглэж явдаг мэдлэг боловсролтой хүн байсан гэж нутгийн хүн бүр л ярина.  Хэнтий  аймгийн музейд энэ хүний цуглуулж өгсөн үзмэр маш олон  байдаг юм билээ. Түүнээс гадна ургамал сайн мэддэг, эм боодог, нутгийнхан түүнийг хүүхэд эндүүлдэггүй байсан гэж ярих нь ч бий. Хайдав доктортой найз дотно холбоотой байж түүнд эмийн ургамал явуулдаг байсныг ч нутгийнхан мэднэ.  Нэг гачигдалтай зүйл нь өөрөө шинэ бичигт муу болохоор сургуулийн хүүхдүүдийг дуудаж гэртээ авчирч дэвтэр дээр бичүүлж хэлж тэмдэглэн үлдээсэн зүйл их байдаг юм байна.  Тэр тэмдэглэл дотор Мөрөн сумын түүхэнд холбогдох үйл явдалууд олон байдгаас “Богдын алаг” морины тухай тэмдэглэн үлдээснийг түүний хүү  багийн засаг дарга асан Б.Балдандорж  ирүүлсэн юм.  Түүнд: 1896 онд хуучин Хэрээ хөхөлийн харьяа “сунидын” Гунгаагийн адууны хээр алаг даагыг “багайн” Лувсан худалдаж авсаныг Хэрээ хөхөлийн шавийн “хамар” Даваа “багайн” Лувсангаас алаг үрээг худалдан авч хүрээнд аваачин хязаалан морь Богдын уяач жасын хөх Дондогт худалдсан. Тэр алаг үрээ нас гүйцэж их насны морь болж олон удаа түрүүлж Богд гэгээнтний нэрэн дээр олон удаа цоллуулж Богдын “Түмэн эх” хээр алаг гэдэг морь болсон. Хэрээ хөхөлийн одоогийн 1-р багийн нутагт төрсөн унага юм. “ … гэж тэмдэглэжээ. Энд тэмдэглэгдсэн “багайн” Лувсан бол хулцага С.Банзрагчийн эцэг нь аж.  Сүрэнгийн Банзрагч гэж ээжээрээ овголдог байж. Тиймээс Богдын алаг морь анх ааваар нь дамжиж гарсан морь гэдгийг С.Банзрагч  хар багаасаа мэдэж авсан хэрэг.

Иймд  дээр бичигдсэн партизан Дамдингийн тэмдэглэл, Мөрөн сумын ард “хулцага” С.Банзрагчийн тэмдгэлгээнүүд угтаа ижил байгаа юм.  Энэ бүгдээс үзэхэд  “Богдын алаг морь” өнөөгийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Хөхөл хайрханд мэндэлсэн “Хүлэг эрдэнэ”  болох нь тодорхой ажээ.

“Морин эрдэнэ” номыг зохиогч нар архивын бичиг баримтаас шүүгээд Богдын алаг морь нийт 7 түрүүлж, нэг аман хүзүүдсэн гэдгийг тогтоож  —  “Түмэн эх” цолоо ийм том наадамд тийм олон удаа хамгаалсан хүлэг урьд хожид төрөөгүй билээ.. гэж дүгнэсэн байдаг юм.   Чухамдаа “түмэн эх” алаг морины онцлог байдлыг хамгийн сайн мэдэх хүн нь нэрт уяач Жасын хөх Дондогоос өөр байхгүй. Түүний яриа дурсамж байдаг бол уяач “хөх” Дондог ямар эрэмбэтэй уяач байсныг ч мэдэж болох байлаа. Энэ тухай ямар нэгэн баримт,  эх сурвалж олдоогүй байна.

Харин алаг үрээг нутгаасаа хүрээнд аваачиж арилжсан шавийн “хамар” Даваагийн хошин марзан явдлын заримаас нутгийнхан ингэж ярьцгаадаг юм билээ.

Мөрөн сумын 1-р багийн аймгийн алдарт уяач Амармөнхийн төрсөн гэр газар Дунгаагийн Дашзэвэгийнд 22 лангийн цул мөнгөн гуутай “Цагаан дархи” бурхан байдгийг нутгийнхан мэддэг.  Дээр үед тэр бурханыг Хэрээ хөхөлийн “хамар” Даваа гуйж авч явдаг байж.

— Та айлын бурханаар яадаг байна аа??? гэхэд – гадны газар хүн загнахад ивээлтэй, сайхан байдаг юм… гэдэг байж. Тэрээр тэр бурханыг хүзүүндээ зүүж өвөртөө хийж явна. Очих айлдаа зориудаар хоног тааруулна. Хонох болоод дээлээ тайлангаа айлын авгайд

— Алив хүүхээн хө… энэ бурхан залчих… гээд л хүзүүнээсээ тайлаад л өврөөсөө хоёр гараараа өргөн хөнгөхөн юм байна гэж харагдуулаад бариулалгүй алган дээр нь мөчидхөн дутуу бариулаад тавичихангуут хөнгөн гэж бодож байсан хүндий нь мэдэхгүй хүн алдчихдаг байж. Тэгэхээр нь “бурхан алдчихлаа гээд л айлын авгайг загнаад л бөөлж өгдөг байжээ. Ингэж зориуд айлын авгайг загнах шалтаг олж   шоглон загнадаг  түүндээ  таашаал авдаг хачин хүн байсан байгаа юм.

Өөр бас нэг удаа шавийн хамар Даваа Боржгин хошуунд наадамд очжээ. Одоогийн Дундговийн Цагаандэлгэр орчимд цөөхөн морь уралдуулсан шингэхэн наадам болж байж. Тэнд очоод азарга гарч байхад хөтөлгөө морьтой урд нь хөндөлсөж зогсчихоод л гарч байгаа азаргыг харж байгаа дүр эсгээд л тээглээд байхаар нь зохион байгуулагч нар нь –та холдоод өгөөч гэж шаардахаар –Цөөхөн хэдхэн юм байна… багтаад гарчих байлгүй… гээд л хээдийж.

Зохион байгуулагчид – та хаанахын хэн гэхч хүн бэ? битгий  үймүүлээд бай… гээд л хэлсэн чинь

“Хамар” Даваа – Би хоосон засгийн зартай, номгүй хувилгааны ямбатай шавийн хамар Даваа гэхч байна… гээд л пээдийн хэлж. Хоосон засгийн гэдэг нь уралдах цөөхөн хэдэн морь нь ар өврөөр нь багтаад гарна биз гэсэн байдлаар дайрч, номгүй хувилгааны ямбатай… гэдэг нь өөрийгөө хэлж байгаа мэт тэднийг доромжилж байгаа хэрэг.

Гэтэл нөгөөдүүл нь өөрсдийг нь нутаг хошуугаар нь доромжлоод байгааг мэдэнгүүтээ ”хамар” Давааг барьж аваачаад … хошногы нь сугартал банздаад

—Ингээд чи  их дайрч доромжилж бай”… гээд хашраагаад явуулжээ. Мань хүн амнаасаа болоод амь мэнд, шархтай амьтан нутагтаа буцаж очиж байсан… гээд л сонссон болгон инээдэг сонин явдалтай хүний тухай одоо ч ярьж инээсээр байдаг юм.  Ингэж  монголчуудын адуу нь нэртэй, хүн нь хочтой мөнхөрдөг ард түмэн  ажээ.

Сэцэнхан аймгийн Сэцэнханы хошууны Хөхөл хайрханы унага Богдын алаг морь монгол түмний их  баяр наадмын их насны морины түүхэнд 7 түрүүлж нэг  аман хүзүүдэн хамгийн дээд амжилт үзүүлснийг  онцлон тэмдэглэж ММСУХолбооноос “МОНГОЛ ТУУРГАТНЫ  ХХ ЗУУНЫ МАНЛАЙ ХҮЛЭГ”  цолоор өргөмжлөн алдаршуулсан байна.

Монгол адуун эрдэнэт сүрэгт түмэн эх хүлэг мөнхөд  төрөх болтугай…

2018 он

 

 

SHARE