Су.Батболд дарга аа, цаана чинь өвөл айсуй

Бага байхад өвөл дөхөхөөр л учиргүй баярлаж, Шинэ жил, цана чарга, цас мөс гээд хөөрч догдлон хүлээх зүйл их л байдагсан. Гэтэл зуны адаг сар хараахан дуусаагүй байхад л улаанбаатарчууд айсуй өвлийн бэрхийг эмээсхийн дурсаж, яасхийгээд хавартай золгоё доо хэмээн санаа зовцгоож эхэллээ.

Арга ч үгүй юм даа. Улаанбаатарын хахир өвлөөс сайхан зүйл хүлээнэ гэдэг утгагүй болсон. Утаа угаар, ханиад томуу, хүрэлцдэггүй дулаан түгээлт, халтиргаатай зам, тортогт битүү хучигдсан саарал хот гээд өвлийн улирал нийслэлийн хүн амд бараг л амьд үлдэх шалгуур гэлтэй тусдаг болжээ. Ингээд бүтэн өвлийн турш энэ бүх сэдэв нь улстөржилтөөс ч халуун хэрүүл болж, хотын удирдлагууд “За ёстоы ирэх хавраас л энэ утааг арилгаад өгье. Дараа өвлөөс цэнгэг агаарт умбана, дулааны түгээлтийг жигд тархаана” гэсэн амлалт өгдөг. Тэгвэл Улаанбаатар хот иргэдийг айлгаж, стресстүүлээд байгаа хахир өвөлд бэлэн үү хэмээн дарга нар, ялангуяа Засаг дарга Су.Батболдоос онцгойлон асуумаар санагдав. Учир нь хэд хоногийн өмнө нэгэн танил маань хотын захиргаа, Хангарьд ордноор ажил хөөцөлдөх санаатай ороход уулзах гэсэн дарга нар нь амарчихсан гэх хариултыг үүднийх нь угтагчаас сонсож харин асуудал шийдвэрлүүлэх гэсэн иргэд урьдын адил олноороо өрөө бүрийн үүдэнд дугаарлаж харагдсан.

Гэтэл жирийн үед нэг өрөөнд 5-6 мэргэжилтэн суудаг бол одоогоор ганц хоёрхон хүн ажлаа хийж байгаа харагдсан хэмээсэн юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд хотын захиргаа нийт хүчин чадлынхаа 40 орчим хувиар л ажилласан бололтой. Тэгэхээр ийм даржин ажиллагаатай газраас өвөлжилтийн бэлтгэл гэх мэт нүсэр, том төлөвлөгөөтэй, асар нарийн зохион байгуулалттай ажлын талаар асуугаад ч хэрэггүй байх нь. Иймд улаанбаатарчууд минь утаатай, хатуу өвөлтэй дахиад нэг удаа улаан нүүрээрээ тулгарахаас өөр аргагүй болжээ. Харин хотын дарга маань найр наадам, даншиг, цамд онцгой анхаарч завгүй байсан тухайг НИТХ-ын дарга нь хэлж байсан удаатай.

Мөн Ерөнхий сайдын хамтаар баахан зураглаач, хамгаалагч дагуулаад энд тэнд популизм хийхээ мартаагүй. Бас энэ сарын 1-нээс хойш найр, наадам зохион байгуулалгүй, намрын ажлын бэлтгэлийг шамдуул гэсэн тушаал гарсан байхад энэ сарын 6-нд Даншиг наадам зохион байгуулсан. Гол нь НЗДТГ-ын албан сайтад цаг үеийн ажлын мэдээлэл биш Даншгийн барилдаан, балингийн тэмцээн, морин уралдааны мэдээ дүүрэн байгааг харж болно. Үүний хажуугаар өнгөрсөн хавраас хойш Су.Батболд дарга хотын ажлаас илүүтэй Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульд бэлтгэж байгаа. Бүр болоогүй энэ сонгуулиас болж МАН-ын өнөөгийн дотоод хэрүүлд бузгай том байр суурьтайгаар оролцож буй энэ эрхэмд үндсэн үүргийг нь зааж, зааварлаад өгөх хүн олдохгүй байгаа бололтой. Ингээд харахад Улаанбаатарчууд “Дараагийн өвлөөс жаргая” гэсээр нэгэн парламентийн хугацааг үдэх нь ээ.

 

Эх сурвалж: erennews.mn

SHARE