Х.Нямбаатар гишүүний зөвлөх асан портер машиныг дөрөв, цемент тэгшлэгчийг долоо дахин өндөр үнээр төрд шахдаг

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн эзэмшилтэй, охин компани “РСЦ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Энхбат гэж хөөтэй эр бий. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зөвлөх асан л даа.

 

Тэрбээр, 2012 онд Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн дарга байхдаа 230 гаран тонн мах муутгаж, тухайн үеийн Сангийн яам, Хотын захиргаа, Мэргэжлийн хяналтынхныг багагүй сандаргаад авч байсан. Дээрх асуудлаас болоод П.Энхбат нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн, албан тушаалдаа хайнга хандсан, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг асуудлаар Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан бөгөөд тухайн хэрэг тэгэсгээд намжсан байдаг.

 

Гэтэл өмнөх хэрэг төвөг нь шийдэгдэж дуусаагүй байхад П.Энхбат 2017 оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани “РСЦ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогджээ. 10 саяын үнэтэй портер машиныг 48 саяар, хоёр саяын үнэтэй цемент тэгшлэгчийг 15 саяар худалдан авсан, 80 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийхдээ тендер зарлаагүй зэрэг түүний хуудуутай үйлдэлд нь эгдүүцсэн “РСЦ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд П.Энхбатыг 2017 оны арванннэгдүгээр сард ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

 

Гэвч 2018 оны долдугаар сард П.Энхбат дээгүүр, доогуур гүйж байгаад өөрийг нь халсан ТУЗ-ийн тогтоолыг эсэргүүцсэн шүүхийн шийдвэр гаргуулан, “РСЦ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ахин томилогдсон байна. Мөн, Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргээ ч “царцаагаад” амжсан бололтой. Бүх нотлох баримт нь бэлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын зүгээс өгсөн өргөдлийн дагуу хавтаст хэрэг нээчихээд, бараг жил тойрч байхад П.Энхбатын хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байна гэдгээс харвал, Авилгатай тэмцэх газрынханд ямар эрх ашиг нуугдаж байна вэ гэж эргэлзмээр…

 

С.Нацаг

  Эх сурвалж: http://www.24tsag.mn
SHARE