Нефтийн стратегийн нөөц гэж юу вэ?

Монгол Улс нефть бүтээгдэхүүний хувьд импортын хараат байдалд байдаг ба тэр тусмаа бараг ганц орон болох хойт хөршөөсөө юм. Гуйж, царайчилж өдөр хоног өнгөрөөсөр л. Хараат байдалд байхын үр дагавар их. Тэр бүхнийг нуршаад яахав.

 

Сүүлийн үед арга буюу дотоодын нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярих болов, Чухамхүү нефть боловсруулах үйлдвэр байгуулахтай холбогдон түүхий тосны стратегийн нөөц яригдах ёстой юм. Энэ бол нефть бүтээгдэхүүний нөөцөөс ялгаатай зүйл.

 

Өөрөөр хэлбэл боловсруулах үйлдвэртэй болбол түүнийг яаж хэвийн тасалдалгүй ажиллуулах гэдэгтэй холбоотой. Хэрвээ боловсруулах үйлдвэргүй бол баахан түүхий нефть хуримтлуулаад ч яах юм билээ, Түүхий тосны стратегийн нөөц гэж юу юм бэ?

 

Газрын гүнээс цооногоор олборлон газрын дээр стандарт нөхцөлд (1атмосфер даралт, Фаренгейтийн 60°-т) гаргаж цэвэршүүлсэн (ус ба хатуу хольцноос нь ялгасан) тосыг стратегийн зориулалтаар нөөцөлөхийг хэлдэг. Өөртөө нефть боловсруулах үйлдвэртэй орнууд нь нефтийн стратегийн нөөцтэй, тусгай хуультай байдаг юм билээ.

 

Миний бие Монгол Улсын Газрын тосны хуулын шинэчилсэн найруулганд үүнийг оруулах гэж оролдсон ч бүтээгүй. Яагаад гэвэл АНУ ч юмуу Япон улс түүхий тосны стратегийн нөөцөө бүр онцгойд авч үздэг юм билээ.

 

Манай улсын нөөцийн материалыг жижиг, дунд дарга нар цааш нь нааш нь займчуулан байж зарцуулдаг бол дээрхи улсад зөвхөн ерөнхийлөгчийн зарлигаар зарцуулдаг. Тэгэхээр түүний тосны стратегийн нөөц бол хэдэн тонн улаан буудайн үр ч юм уу хэдэн боодол өвс, хэдэн литр бензинтэй адилгүй.

 

АНУ гэхэд 500 сая баррель тосны нөөц буюу 100 хоногийн, Япон гэхэд 50 сая тонн буюу 90-ээд хоногийн нөөцтэй байдаг байна. ОПЕК-ийн орнууд ч адилхан. Хятад улс саяхан түүхий тосны стратегийн нөөцийн тавдахь объектийг ашиглалтанд оруулсан.

 

Дайн байлдаан, дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал, байгалийн гамшгийн үед л тухайн улсын ерөнхийлөгчийн зарлигаар зарцуулдаг. АНУ л гэхэд Пересийн булан, Иракийн дайны үед энэ байдал нь харагдсан.

 

Тэгэхээр зөвхөн тээврийн хэрэгслээ түлш шатахуунаар хангана гэхээс гадна, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тасралтгүй хангаж, хэвийн ажиллагааг нь тасалдуулахгүй гэсэн үг. Үйлдвэрүүд хэвийн ажиллаж байвал түлш шатахуун тасалдахгүй.

 

Үүнээс харвал стратегийн түүхий тосны нөөц нь давхар үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Манайх үнэхээр л нефть боловсруулах үйлдвэртэй болье, ямар ч нөхцөлд түүнийг хэвийн ажиллуулж байя гэвэл нефть бүтээгдэхүүний импортын хараат байдлаа түүхий тосны хараат байдлаар солих гээгүй юм бол түүхий тосны стратегийн нөөцдөө мөн адил, нэгэн зэрэг сэтгэл хандуулах ёстой.

 

Бодоод үзье л дээ, дотооддоо үйлдвэртэй болж, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг боллоо гэсэн чинь үйлдвэр түүхий эдээр тасалдаж тогтвол ахиад л бахь байдаг юм бүхний хараат болно. Тийм учраас нефть бүтээгдэхүүний улсын нөөц ч байх л хэрэгтэй, түүхий тосны стратегийн нөөц ч байх л хэрэгтэй.

 

Япон улс дотооддоо нефть олборлодоггүй, ордгүй мөртлөө 100 гаруй боловсруулах үйлдвэрээ (refineries) байнгын тасралтгүй ажиллагаагаар хангаж чаддаг, Энэ нь түүхий тосны импорт нь тогтвортой байдаг ч гэсэн стратегийн нөөцөө хангалттай бэлтгэдэгт оршино.

 

Нефть боловсруулах үйлдвэрүүдийг зөвхөн өдөр өдөрт нь олборлосон нефтээр хэвийн ажиллуулна гэвэл буруу ойлголт. Олборлолт явуулж буй орд ямар нэг давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар зогсолт хийвэл яах вэ? Давагдашгүй хүчин зүйл нь зөвхөн нефтийн хайгуул, ашиглалгын үед л тохиолддог зүйл биш хадгалалт, тээвэрлэлт боловсруулалтын үе шатанд ч тохиолдоно, Мэдээж хэрэг түүхий тосны стратегийн нөөцийг.бүрдүүлнэ гэдэг амаргүй ажил.

 

Хадгалax сав суулга, оновчтой байршил, зам тээвэр, хөрөнгө мөнгө, хууль эрх зүйн орчин гээд олон асуудал гарч ирнэ. Гэлээ гээд няцаж болохгүй биз. Түүхий тосны стратегийн нөөцийг орон бүр янз янзаар зохион байгуулдаг. Япон улс гэхэд л төр болон хувийн компанууд хамтран ажилладаг.

 

Стратегийн нөөц бий болгоход хүчин чармайлт гаргасан хувийн компаниудаа санхүүгийн бүхий л тусламж дэмжлэг үзүүлдэг. Тэгснээрээ ч одоо Япон улс нийт улсынхаа хэмжээнд 90 хоногийн стратегийн нөөцийн арваад баазтай, тэдгээрээс зарим нь газар доор байршилтай байна.

 

Манай улсын хувьд бол нэг мөсөн том хөдлөхөд хэцүү байвал роялтийнхаа хэмжээгээр аажуухан нөөц бүрдүүлж болно. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу өөрт ноогдох ашигт нефтийг хуримтлуулж болохоос гадна гэрээлэгчид ноогдох хувийг давуу эрхээр худалдан авах эрхтэй гэж Газрын тосны хуулинд заасан байгаа.

 

Зарим хүмүүс түүхий тосны экспортоос улсын төсөвт ордог орлогыг хааж болохгүй гэж үздэг. Ийм хандлага аль ч талаас нь харсан учир дутагдалтай юм шиг. Түүхий тосоо “хөлөөр” нь гадагш хямдхан зарж байхын оронд нэмүү өртөгтэй бүгээгдэхүүн гаргаж авбал ашигтай бус уу.

 

Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барина гэхээр дургүйцдэг хүмүүс “Манайд түүхий тосны хангамж үйлдвэр барихад хангалтгай бус” гэх мөртлөө түүхий тосоо экспортод гаргах сонирхолтой байдаг нь ойлгомгүй байна.

 

Олборлож байгаа жаахан газрын тосоороо бүс нутгуудыг хангасан жижиг дунд үйлдвэрүүдээ хангах нөөц бүрдүүлээд дотоодынхоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эрүүл засгийн бодлого баймаар.

 

Ер нь бол нефть бүтээгдэхүүний болон түүхий тосны хараат байдлаас болж улс орон маань ямар хэмжээний алдагдалд орж байгаа болон орж болохыг бид сайн тооцоолмоор. Энд улс эх орны эрх ашиг хамгийн эхэнд тавигдмаар.

 

“Монгол-секию” компани Дарханд барих хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэрийг “Газрын холоос сүүмэлзсэн импортын тосоор” ажиллуулна гэж байгаа. Ерөөл бат орших болтугай. Ингэхдээ том оврын үйлдвэртэй болох хувилбарыг үгүйсгэж байгаа юм биш ээ, харин бага болон дунд оврын үйлдвэр байгуулах санаа бодол, хүчин чармайлтыг бас харааныхаа гадна орхих хэрэггүй биз ээ.

 

Ялангуяа түүхий тосны стратегийн нөөцийг дотоодын ордуудаас бий болгох боломж бүрэн байгаа нөхцөлд цаашдаа бага болон дунд оврын үйлдвэрүүдийг найдвартай ажиллуулах боломж бидэнд байж болохыг тэмдэглэж байна.

 

Тийм учраас Монгол орныхоо дорнод болон өмнөд хэсэгт түүхий эддээ түшиглэсэн бага болон дунд оврын үйлдвэр барих асуудлыг мэргэжлийн хүний хувьд дэмжиж байгаа билээ.

 

Монголын эдийн засгийн бүсүүдийг жигд хөгжүүлэх, ялангуяа эрчимтэй хөгжлийн гараагаа эхэлж буй өмнөд болон дорнодын бүсүүдийг эрчим хүч, түлш шатахуунаар хангах асуудал манай төрийн бодлогийн анхааралын төвд байх талаасаа нэгд, хоёрт эдийн засаг зах зээлийн чөлөөт хөгжил зайлшгүй байх шаардлагатай өрсөлдөөнт чанарын хувьд аливаа үйлдвэрлэлийн монополь чанар сайн үр дүнд хүргэдэггүйг хүн төрөлхтөний хөгжлийн түүх бэлхэнээ харуулж байгаа ийм учраас үйлдвэржүүлэлтийн олон ишлэлтэй бодлого цаашдаа ямагт зөвтдөгийг анхаарууштай.

 

Манайхыг бодвол хэдэн зуун жил нефтьтэй ноцолдож, олон арван үйлдвэр ажиллуулж сурсан туршлагатай бусад орныг харахад түүхий тосны стратегийн нөөцийг хялайх явдал байдаггүй юм билээ. Эцэст нь хэлэхэд түүхий тосны стратегийн нөөц байгуулах хууль, эрх зүйн орчин манайд тийм ч төгөлдөр бус.

 

Улсын нөөцийн тухай хуулийн 3.1.2-т “Стратегийн нөөц” гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах нэр төрөл, тоо хэмжээг нь бууруулж үл болох нөөцийн бараа материал гэж заасан.

 

Мөн хуулийн 12.1-д Улсын Их хурал нь улсын нөөцийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.1-д Улсын нөөцийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, 12.1.2-т Стратегийн нөөцийн бараа материалын нэр, төрлийг тогтоох гэжээ.

 

Их тойруу, битүү хатуу заалтууд. Жишээ нь, Стратегийн нөөцийн бараа материалын нэрсэнд “Түүхий тосны стратегийн нөөц” орд гэж оруулахын тулд хичнээн хугацаа, шат дамжлага, хэлэлцүүлэг хэрэгтэйг таахад бэрхшээлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болох нь, ингэхлээр түүхий тосны стратегийн нөөцийг бий болгох хэрэгтэй гэж асуудлыг Улсын их хуралд өргөн барьж, хэлэлцүүлээд, шийдвэрлүүлээд, жагсаалтанд оруулна гэсээр байтал богино настай хүн эцсийг нь үзэхээргүй юм шиг.

 

Түүний оронд газрын тосны тухай хууль, Улсын нөөцийн тухай хуулиудын уялдаа холбоог бий болгон “түүхий тосны стратегийн нөөцийн” заалтыг газрын тосны тухай хуульд суулгачиж болохгүй гэжүү. Нефть боловсруулах үйлдвэр, түүхий тосны стратегийн нөөц гэдэг ойлголтууд өөр хоорондоо салшгүй холбоотой нэг зоосны хоёр тал гэдгийг бид эрх биш ойлгох ёстой.
Америкийн Нефтийн Инженерийн Нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, Техникийн ухааны доктор (РhО) П.Санж

SHARE