Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар усыг хамгаалахын эсрэг байсан гэв үү?

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гаригт хуралдаад завсарлав. Тус хурлаар хэд, хэдэн хуулийн төсөл, асуудал хэлэлцсэний нэг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байв. Энэ хуулийн төслийн хувьд олон нийт, байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагуудын дунд маргаантай хэд, хэдэн асуудал өрнөөд байгаа.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль анх 2012 онд УИХ-аар батлагдан гарсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй юм. Үүний учир нь тус хуулийн дагаж мөрдөх журмыг Засгийн газар батлаагүйтэй холбоотой. Хэрэв хуулийг хэрэгжүүлсэн бол улсад 50 гаруй тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гараад буй. Хуулийг бүрэн хэрэгжүүлээгүй хариуцлагыг иргэний нийгмийн байгууллагууд төрөөс нэхэн буруушааж байгаа. Түүнээс гадна эдүгээ хэлэлцэж буй хуулийн шинэчилсэн найруулгад ноцтой заалтууд орсныг тэд эсэргүүцэж эхэлсэн. Тодруулбал, хуулийн шинэ төсөлд аж ахуйн нэгжүүдээс авах ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулахаар тусгажээ. Хууль санаачлагчид үүнийг төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдэд дарамт болохоос сэргийлж буй арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Үнэндээ ус бохирдуулсан нь нөхөн төлбөрөө төлдөг, илүү ихээр бохирдуулсан нь илүү их хариуцлага хүлээх зарчим үйлчлэх ёстой. Ялангуяа уул уурхай, үйлдвэрлэлийн салбарынхан усыг хамгийн их бохирдуулж байгаа. Гэтэл тэдний хариуцлагыг тал хувиар хөнгөрүүлэх нь толгойг илж байгаа явдал болно.

Ингэж аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлсэн хэрнээ малчид, тариаланчдыг ус бохирдуулагч хэмээн шинэ заалт нэмж төлбөр авахаар хуулийн төсөлд оруулжээ. Уул уурхайн компаниудын хувьд малчид, тариаланчдыг ус бохирдуулагч гэж үзвэл алдас болохоор заалт. Тиймээс хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдэд ялангуяа уул уурхайн компаниудад оноох хариуцлагыг нэмэгдүүлж төлбөрийг бууруулахгүйгээр авах, малчдаас төлбөр авах заалтыг хасах шаардлагыг Засгийн газарт байгаль орчны төрийн бус байгууллагуудын нэгдэл “ТАН” эвслээс хүргүүлсэн.

Гэвч хуулийн төсөлд өөрчлөлт орохгүйгээр өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль хэрэгжсэн бол хэчнээн төгрөг улсын төсөвт төвлөрөх эсэх, хуулийг хэрэгжүүлээгүй хариуцлагыг хэрхэхээр зохицуулж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад асуулга тавив. Эдгээр асуултын хариуд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өнгөрсөн 6 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрөх ёстой байсан. Хуулийг дагаж мөрдөх журам гаргаагүй учир шалтгаан нь улс орны эдийн засгийн хямралтай холбоотой. Эдийн засгийн хямралын үед аж ахуйн нэгжүүдээс төлбөр авахыг хойшлуулах шийдвэрүүдийг тухайн Засгийн газрууд гаргаж ирсэн. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах, хууль хэрэгжүүлээгүй хариуцлагыг нэхэх шаардлагагүй гэж үзэж байгаа” гэв.

Тус хууль хэрэгжээгүй 6 жилийн хугацаанд гурван Засгийн газар солигджээ. Тодруулбал, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын удирдсан Засгийн газрын үед уг хуулийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн хэмээн ойлгогдож байна. Эдүгээ дөрөв дэх Засгийн үед уг хуулийг шинэчлэн хэлэлцэж байна.

Ус бол Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн. Цэвэр усны хомсдолд орж байгаа өнөө үед устай холбоотой хариуцлага хамгийн өндөр байх учиртай. Гэтэл үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүд стратегийн бүтээгдэхүүнээ хамгаалах, арвилахын эсрэг шийдвэр гаргаж байсан гэж салбарын сайд нь мэдэгдлээ.

 Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

 

 

 

 

SHARE