The Washington Post: Монголын ардчилал нийтлэг өвчтэй, тэр нь мөнгө

Эрх мэдэлтнүүд солигдох бүрт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар өөрчлөгддөг гэв.

 

Америкийн томоохон The Washington Post өдөр тутмын сонинд гарсан “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.  

Ямар ч ажлын байр өөрийн гэсэн үнэ хөлстэй байдаг. Салбарын сайд болоход 400,000 доллар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга болоход 120,000 доллар, харин мэргэжилтэн болоход 4000 доллар төлөх шаардлагатай болно. Хэрэв МАН парламентын сонгуульд ялбал сонгуулийн мөнгөө олохын тулд Засгийн газар, улсын өмчит ААН-үүдийн 8000 гаруй ажлын байрыг худалдаж авдаг байна.

Г.Доржзодовын 2016 онд дэлгэсэн дуу бичлэгээс үзэхэд зөвхөн нийслэл Улаанбаатарт л гэхэд тус намын албан тушаалтнууд сонгуулийн кампанит ажлaa санхүүжүүлэхээр бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдаас 60 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөсөн гэнэ.

Үүнийг Монголчууд “60 тэрбумын хэрэг” гэдэг ба 1990 онд ардчилал ялснаас хойш гарсан томоохон улс төрийн дуулианы нэг гэгддэг байна.

“Moнголчууд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт бол авлигын эх үүсвэр болохыг тэр үед мэдсэн юм. Эдгээр улс төрийн намуудаар дамжуулан мөнгө өгсөн хүн Засгийн газрыг, Монгол улсыг тэр чигт нь удирддаг” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэлжээ.

Бизнес эрхлэгчид улс төрийг хяналтдаа авснаар сонгогчид улс төрийн орчноос хөндийрдөг. Азиас Америк хүртэл дэлхийд өсөн нэмэгдэх болсон популист үзэл баримтлалаас үүдэн ардчилал доройтох үзэгдэл дэлхий даяар үүсэх болсон юм.

Тухайлбал, Энэтхэгт намууд сонгуулийн кампанит ажлын мөнгөө хэрхэн босгох талаар хатуу хориг тавьсан нь санхүүжилтийг далд хэлбэртэй болгож, авилгыг цэцэглүүлсэн гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Америкт энэ тогтолцоо илүү тод юм. Гэвч кампанит ажилд хөрөнгө босгохын тулд санхүүжилт хүссэнээр бизнес эрхлэгчид улсын бодлогод энгийн иргэдээс илүү нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдсан байна.

Харин Монголд намууд санхүүжилтээ тайлагнахыг шаарддаг хуулийг бүр мөсөн орхигдуулжээ. Бизнес эрхлэгчид улс төрчдийг санхүүжүүлснийхээ дараа хариуд нь ямар нэг зүйл хүсдэг байна. Тодруулбал, энэ нь тендерт ялах, олборлолт явуулах зөвшөөрөл гэж мэргэжилтнүүд хэллээ.

“Монголын асар их алт, зэс, нүүрсний нөөц эрх мэдэлтнүүд рүү урсдаг нь тохиолдол биш юм. Монгол улсын 30 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна” гэж Сант Маралхувийн судалгааны байгууллагын захирал Л.Сумати хэлсэн байна. Тэрээр, “хүн бүр хуулийн дор тэгш эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэх ардчилсан үзэл баримтлалыг Монголчууд одоог хүртэл дэмждэг. Гэвч сонгосон хүмүүстээ сэтгэл хангалуун бус байсаар байна“ гэжээ.

Сант Марлын явуулсан санал асуулгаас үзэхэд, судалгаанд оролцогчдын 34 хувь нь Засгийн газрын бодлогууд баян хүмүүсийн талд байдаг гэж хариулсан бол 42 хувь нь бодлогууд нийгмээс илүү “хувиа хичээсэн улс төрчдөд” чиглэсэн гэжээ.

Мөн 10 хүний зургаа нь улс төрийн шийдвэрт бага зэрэг эсвэл огт нөлөөлж чаддаггүй гэсэн бол санал хураалтад оролцсон нийт хүмүүсийн 87 хувь нь намууд олон нийтийн санаа бодлыг тусгаж чаддаггүй гэсэн байна.

Монголын сонгогчид идэвхгүй бөгөөд улс төрчид эрх мэдэлд гарсан хэсэгхэн хугацаандаа өөрийн болон дэмжлэг үзүүлэгчдийнхээ халаасыг түнтийлгэж амжаад буудаг. Эрх мэдэлтнүүд солигдох бүрт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар өөрчлөгддөг, ингэхээр мэргэжилтнүүд байх ёстой улсын өндөр албан тушаалыг хүрээллийнхнээрээ дүүргэдэг байна.

Цаашлаад, авлига өөр аргаар ч тархжээ. Томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дөрөвний гурвыг нь одоогийн болоод өмнөх төрийн албан тушаалтан санхүүжүүлж эсвэл эзэмшдэг гэж Монголын хэвлэлийн хүрээлэн, олон улсын Хил Хязгааргүй сэтгүүлчид ТББ мэдээлсэн байна.

Ийнхүү Монголын ард түмэн авлига, тогтворгүй байдлаас болоод тэдний ашиг сонирхлыг харгалзан үздэг хүчирхэг удирдагчийг хүсэмжлэх болжээ. Сант Марлын гуравдугаар сарын санал асуулгаар гурваны хүний хоёр нь ардчилсан тогтолцоог сайшаасан бол дөрвөн хүний гурав нь ‘парламент, сонгуулийг хамаардаггүй хүчтэй удирдагчтай болохыг хүсдэг’ гэсэн байна.

Одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бизнес эрхлэгчдийг улс төрд оруулахгүй байх хууль батлах хүсэлтэй гэнэ. Түүний өмнөх ерөнхийлөгч намын санхүүжилтийг ил тод байлгах хууль батлах санаачлага дэвшүүлэх хүсэлтэй байсан юм.

Гэвч Монгол парламентын засаглалтай учир хүч чадлыг гартаа атгасан гол хоёр намыг аюулд оруулахуйц хуулийг УИХ батлах сонирхолгүй гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Монголын АТГ өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр хуучин Ерөнхий сайд, Сангийн сайд асан нарыг томоохон зэсийн үйлдвэрийн гэрээнд авилга авсан хэргээр баривчилсан байна. Авилгын хэрэг тухайн хүнийг албан тушаалд байх хугацаанд бус огцорсны дараа л ил болдог нь үнэн.

МАН-ын дуу бичлэгийг ил болгосон Г.Доржзодов тус намд дэмжлэг үзүүлдэг бизнесмений стратеги хариуцсан ахлах ажилтан байсан ба дуу бичлэгийг сонгуулийн санхүүгийн уулзалтын үеэр бичиж авсан байна.

Уг дуу бичлэгийг Монголын үндэсний шүүх эмнэлэг нягталж, бодит болохыг нь баталсан боловч 2016 онд МАН сонгуульд ялахад шийдвэрээ өөрчлөн “зохиомол” гэх болсон гэдгийг Г.Доржзодов хэллээ. Үүнээс гадна МАН-ынхан дуу бичлэгийг “эвлүүлэг” гэх болсон ч Америкт хийсэн бие даасан шинжилгээний дүнгээр бичлэгт өөрчлөлт ороогүй гэсэн хариу гарчээ.

Сүүлийн хоёр жилийн турш Г.Доржзодовыг улс төрчид сүрдүүлж, цагдаагийнхан дээрэлхэж, тагнуулын ажилтнуудад байцаагдан, саатуулагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл түүнд ажил олддоггүй гэнэ.

“Хөшигний ард юу яригддагийг олон нийт мэдээсэй гэж хүссэн. Би сонгогчдын нүдийг нээж, улс төрчдийн жинхэнэ царайг харуулахыг зорьсон” гэж тэрээр ярьсан юм.

Г.Доржзодовоос өнгөрснийг буцаавал үүнийгээ дахин хийх үү? гэж асуухад “Мэдээж, ямар ч эргэлзээгүй хийнэ. Миний хийсэн зүйл бусад хүмүүсийг хөдөлгөнө гэж одоог хүртэл боддог” гэжээ.

Эх сурвалж: The Washington Post

SHARE