“Монгол – Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ эхэллээ

“Монгол – Оросын санаачилга  2018” арга хэмжээ 6 дугаар сарын 7-9ны өдрүүдэд Улаанбаатар  хотод болно. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9 ны өдрүүдэд үргэлжлэх Орос улсын дэвшилтэд техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байгаа юм. Үзэсгэлэнд тавигдсан сүүлийн үеийн хөдөө аж ахуйн шинэ техникүүдийг үзэж сонирхлоо. Мөн Монгол улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниуд оролцож байна. Тухайлбал эрчим хүч болон цахилгаан бараа, иргэний нисэхийн болон машин техник, тээвэр логистикийн болон барилгын материал, цахилгаан холбоо болон цахим үйлчилгээ, хүнсний бараа, гутал хувцас, хөдөө аж ахуйн техник, химийн болон хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сонирхуулж байна. “Монгол – Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны олон талт арга хэмжээг зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

SHARE