Эрүүгийн хууль дээр ч гаргамааргүй хүмүүс Үндсэн хуулийг сандайлах гэнэ

Эхлээд Үндсэн хуулийн Цэц гэж юу юм бэ гэдгийг бид тодорхой сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна.

Үндсэн хуулийн 64.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээжээ.

Үндсэн хуулийн шүүхийг “Цэц” хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Цэц 1. Юмны онч, цэц булаалдах, цэц харвах, цэц хэлэлцэх, 2. Буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь, бууны цэц үзэх” гэж тайлбарласан байна.

Гол нь улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах утгыг бэлгэдэж, Үндсэн хуулийн Цэц хэмээн нэрлэсэн байна.

Түүнчлэн Улсын Бага хурлын 1992 оны тавдугаар сарын 1-ний хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн анхны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцжээ. Ингээд УИХ-ын санал болгосноор Гэндэнгийн Нямдоо, Цэндийн Цолмон, Дамбадаржаагийн Чилхаажав нарыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Жавхлангийн Бямбаа, Наваанпэрэнлэйн Жанцан, Галдангийн Совд, Улсын дээд шүүхийн санал болгосноор Лэгцэгийн Баасан, Баасайн Дангаасүрэн нарыг, долдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Жамцын Чойжанцанг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж байжээ. Үүнээс хойш Үндсэн хуулийн Цэц 26 жил үйл ажиллагаа явуулж буй.

Өнгөрсөн жилээс хойш Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ээлжлэн дуусгавар болсоор өдгөө дөрвөн гишүүн болчихоод байгаа юм. Цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагва, Д.Наранчимэг, Д.Сугар нарын томилолтын хугацаа дуусчээ. Эхний гурвыг нь Ерөнхийлөгч, Д.Сугарыг УИХ санал болгож томилуулсан. Энэ хуваарилалтынхаа дагуу төрийн институциуд нэр дэвшүүлсэн байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болохоор горилогчдын нэр дуулдаж эхлэхэд л хуулийн салбар даяар “…пүү, паа” гээд эхлэв. Жирийн иргэдэд ч эдгээр хүний нэрний өмнө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэж бичигдэнэ гэж нэг л буухгүй байгаа бололтой.

Уг нь хуулиараа улс төр, хуулийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гээд ерөнхий зааж өгсөн байдаг. Үүнээс болоод байна уу, аль эсвэл Үндсэн хуулийн Цэцийн хэмжээ дамжаа, зэрэг зиндаа багасаад байна уу, нэр дэвшигчид нь тодроод л “унаж” байх юм.

Ерөнхийлөгч гурван хүнийхээ оронд ТӨХ-ны дарга асан Н.Нанзаддорж, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, АИХ-ын депутат асан Б.Буяндэлгэр нарыг нэр дэвшүүлжээ. Энэ гурван хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болно гээд бодоод үз дээ.

Эхнийх нь Н.Нанзаддорж. Энэ хүнийг эчнээ мэдэх хүн олон байх. Өвөрхангай аймагт төрж өссөн. ТӨХ-ны дарга байсан. Мөн ч олон холион бантанд нэр холбогдож явсан. Хуулийн байгууллагаар ноттой баттай тогтоогоогүй болохоос хардалт сэрдэлт гэж “хар мянга” бий.

Тэрээр 2012 оны долдугаар сард анх ТӨХ-ны даргаар томилогдсон байдаг юм. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны нэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Д.Цогтбаатарыг томилсон. Ингэж халагдсаныхаа дараа Ц.Нанзаддорж шүүхээр заргалдаж, жил тойрон явж байгаад заргаа авсан. Түүнийг шүүхийн шийдвэрээ бариад очиход нь 2015 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилжээ. Энэ нь хоёр дахь удаагаа томилогдсон нь байв. Гэсэн ч хоёрхон сарын дараа өөрөө өргөдлөө өгөөд явсан байдаг. Оронд нь ЗГХЭГ-ын дарга байсан Ш.Солонгыг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Ц.Нанзаддорж тухайн үед “…Өөрөө өргөдлөө өгөөгүй, хүчээр өгүүллээ” гэсэн үг хэлчихээд явсан юм. Бас тэр үеэр тамгаа авч зугтлаа гэх яриа ч гарч байв.

Харин 2015 оны зургадугаар сарын 15-нд Н.Нанзаддоржийг ТӨХ-ны даргаар томилсон нь учир битүүлэг байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байлаа. Уг нь ТӨХ-ны даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлана гэж байсан. Гэсэн атлаа Ц.Нанзаддоржийг гэнэт томилсны цаана улс төрийн томоохон тохироо, шантааж бий гэцгээж байна.

Ц.Нанзаддоржийн намтар түүх гэх дэлгэрэнгүй баримт алга. Цагааны Нанзаддорж нь Говь-Алтай аймгаас гаралтай. Төрийн албанд 18 жил ажилласан. Энэ хугацааныхаа 15 жил буюу 1996-2011 он хүртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх товчхон мэдээлэл байна.

Ер нь тэрээр ихээхэн нууцлаг хүн. ТӨХ-ны даргаар гурван ч удаа томилогдож байгаа хэрнээ нэг ч удаа Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаагүй байна. АТГ-ын архивт 2009 оноос хойшхи албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгүүд хадгалаастай байдаг. Өнөөдрийг хүртэл Д.Сугар, Б.Заяабал, Д.Цогтбаатар гэсэн гурван даргын мэдүүлэг л байдаг аж.

Түүнийг Төрийн өмчийн хорооны өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө ихээхэн хуримтлалыг үүсгэсэн сүүхэйтэй нэгэн гэж ярих хүн цөөнгүй байдаг. Мэдээлэл ч арвин байдаг ажээ.

Дараагийнх нь Г.Туулхүү. Тэрээр МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байжээ. Мөн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байлаа. Харин 2014 оны есдүгээр сард Хорих 461 дүгээр ангиас хоёр оргодол оргож бөөн асуудал дэгдсэний дараа түүнийг ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон байдаг.

Улмаар 2015 оны хоёрдугаар сард Хууль зүйн сайд Д.Дорлигжав ШШГЕГ-ыг нэг дэд даргатай болгож, тэр албан тушаалд нь тэргүүн дэд дарга байсан Г.Туулхүүг үлдээж байжээ.

Хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргаар томилж байв.

Гурав дахь нь Б.Буяндэлгэр гэдэг хүн бий. Тэрээр 1960 онд төрсөн. Эрхүүгийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн юм байна. 1984 онд сургуулиа төгссөнөөс хойш аймгийн Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбоонд ажиллажээ. Бас АИХ-ын депутат байсан. Улмаар 1993-2008 онд хувийн хэвшилд хүч үзсэн бөгөөд 2009 оноос УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах референтээр ажилласан аж. Мөн 2012-2016 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан. Б.Буяндэлгэр нь тэр үед ИЗНН-ын гишүүн байсан ч 2016 оны тавдугаар сарын 6-ны өдөр АН-д элсч байв. Тэрээр АН-ын гишүүний батлахыг тухайн үед намын дарга байсан З.Энхболдоос гардаж байв.

Энэ бүхнээс харахад Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй гурван хүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гэхээсээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын санал болгож буй хүмүүс байх магадлалтай ажээ. Учир мэдэх хүмүүсийн энэ “оноолт” үнэн ч байж мэднэ.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэж хэн бэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх институци нэг л дутуу ойлгоод байх шиг байна. 2017 оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн зүгээс Р.Бурмааг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болгон гэж оруулж ирээд санал нь унаж байлаа. Энэ удаад ч Р.Бурмаагаас илүү гарахааргүй нэр дэвшигчдийг сойсон байгаа юм. Шуудхан хэлэхэд энэ гурван хүн бол Үндсэн хуулийн дээр байтугай Эрүүгийн хуулийн дээр ч гарахгүй. Н.Наназаддоржийг, Б.Буяндэлгэрийг, Г.Туулхүүг Ерөнхий прокурор, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэрийн даргаар томилох гээд зүтгүүлбэл барах болов уу. Ийм хэмжээний хүмүүсийг л Ерөнхийлөгч маань Үндсэн хуулийн Цэц рүү зүтгүүлж байна.

Дахин сануулахад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага юм.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE