1996 ОНЫ ОСОЛ /дурсамж/

Саяхан нэгэн захиа хүлээн авлаа. АНУ-аас Патрисиа Петерсон хатагтай бичжээ. Тэрбээр уг захидалдаа “Та бид 1996 оны зун Хөвсгөл аймгийн нутагт нисдэг тэрэгний осолд орсон. Бидний 18 хүн байснаас 11 нь америк эмэгтэй, долоо нь монгол эрэгтэй. Бид бүгд бурхны авралаар амь гарснаас хойш 20 жил өнгөрчээ. Одоо энэ 18 хүний хэн нь хаана байгаа тухай мэдэх сэн. Америк хэдийнхээ сургийг би гаргаж байна. Харин монгол анд нөхдийнхөө тухай мэдэх юм алга. Та энэ тухай болон бидний хамтын аялалд оролцож байсан талаараа дурсамж бичиж надад илгээнэ үү. Амь гарсныхаа 20 жилийн ойд зориулан би ном гаргах гэсэн юм” гэжээ.

Энэ захиаг аваад 20 жилийн тэртээх явдлаа эргэн санав. Сэтгэл ч хөдөллөө. Үнэхээр бурхан тэнгэрийн авралаар л бид бүгд амь гарсан байх. Энэ бол мартах учиргүй, амин чухал, азтай явдал гэж тухайн үед бодож, итгэж байв. Гэтэл үүнийгээ таг мартчихаад, хүн хэлсний хүчинд л эргэн санаж байдаг. Хүний амьдрал аа гэж…

Патрисиа Петерсон хатагтайн хүсэлтийг нь хүлээн авч, болсон явдлын талаар товч дурсамжаа түүнд илгээв. Тэр явдал манайханд ч бас сонин байх болов уу хэмээн бичсэнээ монголчлоод нийтэлж байна.

1996 оны хаврын нэгэн өдөр АНУ-аас Марта Эйвэри утастлаа. Дорнын урлаг судалдаг тэр хүүхэнтэй би Сиэтлд байхдаа танилцсан. 1993-1995 онд би тэнд Вашингтоны их сургуулийн судалгааны нэг хүрээлэнд ажиллаж байсан юм. Мэнд мэдээд Марта хатагтай ярьж байна:

-Баяр аа, би чамаас нэг юм хүсье. Америкийн эмэгтэй загасчдын холбооны хэсэг гишүүн энэ зун Монголд очиж загасчлах юм сан, тул барьж үзэх сэн гээд байгаа юм. Энэ аяллыг зохион байгуулахад туслаач. Чи өөрөө загасчлах дуртай, ээжийгээ дагаад Монголын бараг бүх гол мөрнөөр явсан гэдэг биз дээ.

-Мартаа, би загасанд явах дуртай нь үнэн. Гэхдээ би өөрөө тааваараа явдаг болохоос өрөөл бусдын аялал зохион байгуулж үзээгүй. Тэгээд ч би зав чөлөө муутай байна. Энэ зун болох УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Уучлаарай, үнэхээр чадахгүй нь гэлээ.

Гэтэл Марта санаснаасаа амархан буцдаг хүн биш аж. Хэдэн өдөр угсруулан утастаж, факс, захидлаар намайг дарав. “Тэр аялал нь танай сонгууль өнгөрсний дараа, наймдугаар сард төлөвлөгдсөн, түүнийг нь зохион байгуулчих жуулчны найдвартай компани олдохгүй байна” л гэнэ. Сүүлдээ бүр “Аялалд оролцох америк хатагтай нар маань нэрээ ил гаргахыг үл хүсдэг, хөрөнгө бэлтэй, нөлөө бүхий хүмүүс байгаа юм аа” гэж гуйв.

Эцэст нь би бууж өглөө. Тэгээд ч би энэ зуур өөрийн найз, “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтайтай ярьчихсан байв. Түүнд учраа тоочтол “Авч орхиё л доо, өвгөөн. Аавын урилгаар ирдэг гадаад, дотоодын хэдэн уулчдыг зохион байгуулж болдог юм, наад хэдийг чинь болох байлгүй дээ. Харин дан хүүхнүүд гэдэг чинь л жаахан тийм байна. Маяглаад унавал хэцүү шүү” гээд цог цог шогширч байна. Тэгснээ “Гэхдээ тэрнийг нь давчихвал гайгүй биз. Манай хэдэн уулчид бол бүдүүн баргийн улс. Тэдний жишгээр л авч орхиё. Сүйдтэй юм байхгүй” гэж намайг зоригжуулав.

Ингээд бэлтгэл ажил өрнөв. Аяллын тов, чиглэл, бас бус юмаа тохирлоо. Нэг долоо хоногийн хугацаанд Архангай, Хөвсгөлийн чиглэлд хоёр мянга гаруй километр туулах учраас нисдэг тэрэг захиалахаас өөр арга байсангүй. Унаа сайтай, экипаж туршлагатайг нь бодож хилийн цэргийнхэнтэй тохиров. Алтайгийн аав, алдарт уулчин Зориг гуайн уулын багийнхнаас хал үзэж, хашир суусан хээрийн хөтөч, тогооч сонгож авав. Бэлдэх хугацаа хангалттай, базаах ажил эзэнтэй тул бүх юм сайхан болно хэмээн төсөөлөгдөж байлаа.

1996 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж би өвдөг шороодов. Ганц би ч биш, нам маань тэр чигээрээ шахам хусуулчихсан гонсгор сууж байтал аяллын хугацаа тулаад ирлээ. Наймдугаар сарын эхээр нөгөө хэдэн “нөлөө бүхий” америк хатагтай нар Буянт-Ухаад газардлаа. Өмссөн зүүснээс нь өмч хөрөнгө нь мэдэгдэх биш, энд, тэнд явж байдаг жирийн жуулчид шиг л санагдав. Хот орох замд “ПАЗ” автобусанд тухлангаа Марта надад шивнэж байна. “Чамд л хэлж байгаа юм шүү. Тэр нүдний шилтэй нь тэрбумтан Билл Гэйтсийн хойт эх Мими. Тэр ногоон хантаазтай нь Нью-Йоркийн уран зургийн галерейн эзэмшигч. Тэр дэгжин малгайтай нь зочид буудлын том сүлжээний эзэн” гэх мэтээр зочдоо эчнээ танилцуулав.

“Дан саятнууд юм биз дээ” гэтэл Марта “Дор хаяж саятан. Зарим нь бүр мулти-саятан” гэж гайхуулав. Марта ч хөрөнгө бэлтэй айлын ганц охин гэдгийг нь би мэднэ. Америкт бичиг хэргийн барааны дэлгүүрүүдэд Avery гэсэн цэнхэр шошготой, А-4 хэмжээний бичгийн цаас зардаг. Тэр нь Мартагийн овгийн нэр.

Аялал сайхан эхлэв. Бид хотоос нисэж Чулуут, Сумангийн бэлчирт бууж тухлав. Цаг агаар сайхан, загас элбэг, хоол тансаг нэг өдөр сайхан жаргалаа. Тэндээсээ хөөрч Олон голын бэлчирт өнжив. Хатагтай нар флай-фишингийн уургаар зэвэг, хадран загас сугалж гарган, буцааж тавиад байлаа. Тул баригдсангүй ч дараагийн очих газар маань Шишгэдийн гол. Тэр бол жинхэнэ тулын эх орон учраас би сэтгэл тайван байлаа. Гэтэл экипажийн дарга ахмад Лувсандорж илтгэж байна. “Би станцаар холбоо барилаа. Баруун зүгээс аянга цахилгаан, аадар бороотой агаарын урсгал орж ирж байна. Тэрнээс нь урьтаж Мөрөнд бууж цэнэглээд Шишгэд рүү шууд гарсан нь дээр байх” гэлээ. Зөвлөлдөөд нисэхээр болов.

Мөрөнд буухад бороо орж байв. Нисэх буудлын диспетчер цааш нисэхийг зөвшөөрсөнгүй. Тэгтэл баруун чиглэлд нислэг үйлдэж байсан хоёр ч “АН-24” цаг агаараас болж Мөрөнд саатлаа. Мөрөнгийн жижиг буудал хүн ихтэй байв. Гадаа бороо ширүүсч, хоргодох газар олдохоо болив. Буудлын гуанз ч хөл тавих зайгүй. Буудлын захиргаатай ярьж байгаад америк хатагтай нартаа хонгилын мухарт хэвтэш засаж өгөөд гуанзнаас төмпөн цуйван “арын хаалгадан” авч өгөв. Хэр хэмжээндээ л “саятнуудаа” тансаглуулж байгаа маань тэр.

Ийм байдалтай гурав хонолоо. Энэ бол үйлээ үзсэн гурван хоног байв. Америк хэдтэйгээ нүүр тулахаас халган бид энд тэндхийн булан сахиж тамхи сороод л, буудлын диспетчерийн хаалга байн байн очиж онголзуулаад л байлаа. Нэмэргүй. Агаар өгдөггүй. Аяллын долоохон хоногийн хагасыг нь барж байгаад маань Мөрөнгийн буудлынхан хүртэл санаа зовно. Ямар сайндаа л нисэх буудлын дарга нь намайг дуудсанаа “Наад хэддээ тарваганы боодог амсуулах уу? Надад нэг нөхөр аваад ирлээ. Энэ байна” гэж байх вэ.

Муухай дээрээ улцан гэгчээр гадаа жорлонгийн асуудал хүндрэв. Угтаа ямар л байдаг билээ, үргэлжлэн орсон борооны уснаас болж тэр нь дүүрч халив. Жорлонд орох нь байтугай дөхөх ч аюултай болжээ. Арга ядсандаа нисэх буудлын цаад өнцөгт нь хэдэн майхнаа зүлгэн дээр хатгаж, хатагтай нараа оруулаад “Энэ хавьд учраа олж болно” гэсэн шүү юм хэлээд арилав. Ижил хүйстэй жуулчдад бол арай л амар байх байж, хээнцэр ийм хатагтай нарыг яалтай ч билээ. Хамгийн хүнд даваа тэр байв.

 

Тэгж байтал бороо татарч, хойно хүрлийх бөөн хар үүлэнд хаа нэгтээ гэгээ цоорч харагдана. Биднээс бүрэн залхсан диспетчер нөхөр “За яах вэ. Хойшоо Хатгал хүртэл гайгүй шиг байна, цаашаа ч мэдэхгүй ээ. Харин агаар муудвал шууд л бууна шүү, нөхөөр” гэж манай ахмадад сануулав. Бид тэр дор нь л нислээ. Хатгал хүрэлгүй битүү манантай тулав. Ахмад Лувсандорж “Цааш явшгүй нь. Энэ дор харагдах хоёр гэрийн хажууханд бууя” гэж байна. Буухаас ч яах вэ. Гадаад, дотоодын урилгагүй зочид монгол малчин айлын гадаа буулаа.

Хар үүлнээс хүр хар гээд гэнэт буугаад ирсэн биднийг гайхаж алмайрсан хоёр хөгшин, нэг хүүхэд гэрийнхээ үүдэнд тослоо. Тэр дороо л цайгаа чанаж, идээ будаагаа дэлгэв. Манай хоёр хөтөч Алтангэрэл, Батсайхан нар илүү гэрт нь орж халуун хоолоо шуурхайлав. Гэрийн эзэн (нэр нь одоо мартагджээ, яриа наргиантай дархад өвгөн) орон дороосоо бидонтой нэрмэлээ гаргаж, хариуд нь Марта хатагтай азарган “Смирнофф” задлаж байна. Үдшийн цай маань бяцхан найр болон хавтгайрч, хэдэн өдөр хурсан ядаргаагаа бүгд сайхан тайлав. Америк хатагтай нарын сэтгэл нь сэргэж, нүд нь гэрэлтжээ. Амьдралдаа анх удаа нүүдэлчин монгол айлд дайлуулж байгаадаа хөөрч, ганц нэг аяга тагш юманд халсан тэр хэд баахан шуугилдаж байгаад өвгөний хоёр гэрт хуваагдан нам унтацгаав.

Өглөө долоон цагийн орчим ахмад Лувсандорж сэрээж байна. “Бороогүй дээр нь хөдөлье. Манан захлаад явчихаж болмоор шиг байна” гэв. Найман цаг гэхэд бид агаарт хөөрсөн байв. Би хоёр нисэгчийн дунд, бортмеханикийн урд хөмөрсөн хувин дээрээ урьдын адил сандайлав. Ахмад Лувсандорж “Тэр дор байгаа зам Улаан Уул ордог. Энэ замыг бараадна” гэж байна. Хойшлох тусам манан өтгөрсөөр удалгүй нөгөө зам харагдахаа болив. Хөвсгөл далайн баруун талаар өндөр уул хад ихтэй тул огцом дээшлэх хэрэгтэй болов. Эргэн тойрон битүү манан, харагдах, баригдах баримжаа юу ч алга. Ахмад “3500 метрийн өндөрт гарах хэрэгтэй. Тэгээд Дархадын хотгорын наад захаас нь уруудаад хүрэх газраа очно” гэж байлаа.

Гэнэт пян хийх чанга чимээ гарав. “Яав ийв, буу, сум алдчихав уу” болоод явчихлаа.Гэтэл бортмеханик Төмрөө дээш зааж байна. Баруун талын самбар дээр “Правый двигатель не работает” гэсэн бичигтэй жижиг цонх асчээ. Тэгтэл нисдэг тэрэг огцом унаж байгаа нь, унах унахдаа хамраараа тонгойчихсон унаж байгаа нь ойлгогдов. Хойд кабинд хүүхнүүд амь тавин чарлалдах нь дуулдана. Сандайлсан хувин дээрээсээ урд цонх руу уначихгүй гэж би хоёр талын сандлаас тас зураастай… Гэнэт том хадан хавцгай яах ийхийн зуургүй тулаад ирж буй нь манангийн сиймхийгээр нүдэнд тусав… Ахмад Лувсандорж чанга хашгирснаа баруун хөлөө жийж, над руу огцом налав. Нисдэг тэрэг ч тэрнийх нь дагуу хажуулдан налж бид тэр хавцгайн баруун талаар нь шүргэх шахам сүн гэж өнгөрөөд… битүү мананд дахин умбав…

Сүүлд, хэдэн жилийн дараа би манай МИ-8 тэрэгний ослын тухай Улсын комиссын дүгнэлт олж уншиж билээ. “3250 метрийн өндөрт баруун хөдөлгүүр унтарснаас хойш нисдэг тэрэг газардтал 1 минут 17 секунд өнгөрсөн” гэж бичсэн байсан. Миний хувьд бол цагийн ямар ч баримжаа байгаагүй. Их л удсан юм шиг санагддаг. Хар хурдаараа унаж буйг биеийнхээ эс ширхэг бүрээр мэдэрч, ухаанаа тавьсан хүүхнүүдийн орь дууг чихээрээ сонсож, хадан хавцгай нүүр тулаад ирж буйг нүдээрээ харсан хүнд бол цаг хугацааны баримжаа алдагддаг аж…

Нэг мэдэхэд битүү манангаас сугараад гарчихсан энүүхэн дор мод, хад шүргэх шахам жирэлзэж байна. “Одоо мөргөнө. Энэ газар үхэх учиртай байж” гэсэн бодол орж ирснийг санаж байна. Тэгтэл хүчтэй доргиж, би огло үсэрч ухаан алдсан байдаг… Сүүлд, экипажийнхны ярьснаар тэр доргилтоос би дээш шидэгдэж, толгойгоороо хяналтын самбар мөргөөд ухаангүй унасан аж. Намайг бүхээгнээс хэн нэгэн чирч гаргажээ. Өмд, гутал шал нойтон болчихсоныг мэдрээд ухаан оров. Эвгүй үнэртэй намган дотор хэвтэж байна. Нүдний шил шидэгдсэн тул харагдах дүрс бүдэг бадаг. Энд тэнд хүмүүс сүүмэлзээд, хоорондоо юм ярьж байгаа нь битүү дуулдана. Тэгтэл над руу нэг хүн тонгойж харагдав. Тэр нь нөгөө тэрбумтан Мими байлаа. Надаас нүдний шилээ яасан гэж асууж байгаа бололтой. Би нисдэг тэрэг рүү зангав. Удалгүй миний үүргэвчийг барьсаар дөхөж ирээд дотроос нь запас шилийг минь гаргаж зүүлгэснээр хараа оров.

Тийнхүү уртаас урт тэр нэгэн өдөр эхэлсэн байдаг. Амьд байхад ажил мундах биш. Бид нисдэг тэрэгнээсээ хамаг эд хогшлоо зөөж, майхан саваа босгон, модонд явж, галаа түлэв. Дараа нь хувцас хунараа хатааж, хоолоо хийж, цайгаа чанав. Энэ хооронд ахмад Лувсандорж бид хоёр нисдэг тэрэгнээсээ холбоо барихыг хэд хэд оролдов. Уулын хавцалд унасан тул радио долгион орж ирэхгүй байгаа бололтой.

Тэгтэл америк хатагтай нар Ерөнхийлөгч Билл Клинтондоо хандан мэдэгдэл илгээх юм болоод явчихлаа. Хүний нутагт, эзгүй хээр осолд ормогцоо төрийн тэргүүндээ хандаж мэдэгдэл илгээнэ гэсэн бодол, сэтгэлгээ америкчуудаас өөр хэнээс гардгийг мэдэхгүй юм. Юутай ч хэсэг бужигналдаж байгаад нэг хуудас юм надад өгөв. Инээд ч хүрэх шиг. Ухаандаа би түүнийг нь орчуулж, холбоогоор диспетчерт дуудаж өгөөд, тэр нь бичиж аваад Улаанбаатарт суугаа АНУ-ын Элчин сайдад дуулгах ёстой юм байх. Мэдэгдэл бичээд суудаг диспетчер ч гэж хаа билээ, тийм урт удаан юм ярих холбооны хэрэгсэл, түүний зай цэнэг ч гэж юу билээ хэмээн би учирлаж эхэлтэл Мими над руу сэм ирмэж байна. “Хүлээж авсан царайлаад дуугүй бай” гэж буй бололтой. Лувсандоржтой хамт намаг руу дахин уруудахын өмнөхөн Мими надад “Наад бичгээ сайн хадгал. Хожим өндөр үнэ хүрэх биз. Одоо дамжуулах боломжгүйг сайн ойлгож байна. Гэхдээ шокноосоо гарч ядаж байгаа энэ хэдэд үүнийг хэлж бухимдуулах хэрэггүй” гээд инээмсэглэв.

Хаашаа ч дамжуулаагүй тэр мэдэгдлийн зарим үг өгүүлбэр одоо ч санаанд минь хадаастай. “АНУ-ын Ерөнхийлөгч ноён Клинтон танаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Жонсон танаа… Америкийн эмэгтэй загасчдын холбооны 11 гишүүн бид Монгол Улсын Хөвсгөл аймгийн нутагт нисдэг тэрэгний осолд орлоо… Ноцтой гэмтэл, бэртэл авсан зүйлгүй… Нутгийн долоон иргэнтэй бид хамтран ажиллаж байна… Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг хүсье” гээд 11 гарын үсгээ дурайлган зурсан байлаа. Хэн нэгнийх нь тэмдэглэлийн дэвтрээс сугалж гараар бичсэн ганц хуудас тэр мэдэгдэл надад хадгалагдаж байсан юм. Хорин жилийн явдал суудлын пянг минь даасангүй, хаа нэг газар гээгдсэн бололтой. Одоо ч овоо үнэ хүрэх байсан байх даа, тэр алгын чинээ цаас…

Үд хавьд нисэх буудалтай холбогдов. Ослын тухай товч илтгээд унасан байршлаа уртраг, өргөргөөр нь нарийн зааж өглөө (Аз болж Мими Гэйтс хатагтай тэр үед бидний огт үзээгүй GPS төхөөрөмжтэй явж байж). Хээрийн лагерьтаа буцаж ирээд холбоо барьсан тухайгаа хэлтэл америкчууд маань хөндий дүүртэл ура хашгиран босоод ирэв. Тэд хоорондоо тэврэлдэж, үнсэлдэж, уйлалдаж байснаа экипажийн хэд, тогооч, хөтөч, Алтай бид хэдийг барьж аваад үнсэж, үнгэж гарлаа. Аз жаргал, амь гарсны баяр бахдалаар дүүрэн тэр мөчид ахмад Лувсандорж нилээд зайдуу очоод суучихсан, өмхий намганд элгээрээ хэвтчихсэн нисдэг тэргээ дээрээс харан чимээгүй уйлж байсныг санаж байна.

Орой бүрэнхий болохоос өмнөхөн хар ногоон өнгийн нисдэг тэрэг бидэн дээгүүр тойрсноо хажуу талын задгай энгэрт буулаа. Бид бүгд тэнд нь гүйгээд хүрэв. Дотроос нь хурандаа Сугар ахлагчтай аврах багийн гишүүд гарч ирлээ. Бид ийнхүү аврагдав. Тэр үдэш галын дэргэд сууж байтал Марта дөхөөд ирлээ. Уйлсан бололтой, нүд нь хавджээ. Тэрээр надад “Бүх юм надаас л болсон. Энэ аялалыг би анх санаачилсан, чи дургүйцсэн ч би л зүтгүүлсэн, тэгээд л ийм юм боллоо. Гэхдээ чи мундаг юм аа, биднийг цэрэг шигээ командлаад л, бүх юмыг зохицуулаад л. Бид бүгд мундаг, бүгд азтай юм. Өнөөдөр их юм бодлоо. Их ч юм ойлголоо. Бурхан бидэнд дахин нэг шаанс өглөө” гэж билээ.

Хожим хойно тэр ослын тухай ярихдаа Сугар хурандаа “Та нар мөн ч азтай гарсан байдаг. Нэг биш, нэг хэсэг аз дайрсан гэмээр шүү” гэж байлаа.

Яг ямар аз дайрсан юм бэ гэхэд Сугар хурандаа ийн хариулж билээ:

-Яах вэ, экипаж ганц бүдүүлэг алдаа гаргасан байсан. Огцом дээшлэхдээ өндөр уулын нөхцөл байдлаа тооцсонгүй, мөстөлтийн эсрэг төхөөрөмжөө асаагаагүй байсан. Тэгээд л хөдөлгүүр унтарсан. Харин нөгөө хөдөлгүүр нь яаж тэссэн юм болоо гэмээр. Дагаад унтарсан бол сүйд болохгүй юу. Хад чулуу шиг л доош нурна. Үлдсэн ганц хөдөлгүүрээр шууд уначилгүй гулссаар тэр нарийхан хөндий рүү яваад орчихсон юм билээ. Энэ бол эхний аз. Унаж явахдаа ганц том хавцгай мөргөх шахсан гэсэн. Хүрэмтийн голын тэр хавьд уул овоо, хад асга зарааны үс шиг шигүү. Тийм эвгүй газар ганц хавцгайтай тулна, тулангуутаа зөв маневрхийж хажуулдаад зөрнө гэдэг дараагийн том аз. Нисэгчийн авхаалж самбаа, чадвар гэдэг бол энэ. Лувсандорж нисгэгчийн туршлага чадвар та хэдийн аминд орсон байдаг шүү. Ясны нисгэгч л дээ уг нь… Хоёр тонн түлштэй, хар эрчээрээ унаж байгаа онгоцоо намганд суулгасан нь бас нэгэн том аз. Хуурай энгэрт газардсан бол хүчтэй цохилтоос болж түлш шууд дэлбэрэх байсан. Суулгахдаа хамраа сөхөж дөнгөсөн нь суултыг зөөллөсөн. Гэхдээ л урд дугуйгаараа түрүүлж газар шүргэсэн учраас тэр нь хуга үсэрч суурь нь их биеээ цөм цохисон. Та өөрөө яг тэр газар нь хувин хөмрөөд сууж байсан гэдэг байх аа? Суурины төмөр хугархай зөөлөн цагаан хонгонд чинь шаасан бол эвгүйтэх байсан байх шүү гээд мар мар инээж байсан нь санагддаг.

Энэ явдлаас хойш хорин жил өнгөрч, олон юм мартагджээ. Элдэв нэр ус, эд хогшил, энэ тэр мартагдаж, харин сэтгэлд тод туссан хүний тухай дурсамж л тунаж үлддэг аж. Уртаас урт тэр нэгэн өдрийн шил шилээ дарсан олон үйл явдлаас эл гурван хүний үйлдэл хөдлөл, үндсэн төрх миний сэтгэлд хоногшжээ.

Мими Гэйтс. Эелдэг ааштай ч, хэнтэй ч ойртож дотносоод байдаггүй, хөндий зайнаас л харьцдаг, хувиа бодсон хээнцэр авгай байна даа гэж би түүнийг эхэндээ харж байлаа. Гэтэл “эелдэг зөөлөн ааштай, хээнцэр авгайн” өнгөц дүрийн цаана нь онцгой байдлын албаны офицерын гэмээр бэлтгэл, туршлагатай “хатуухан боорцог” оршиж байсан нь тэр өдөр л мэдэгдэв.

Ослын дараа учраа олохгүй мангартаад намган дотор хэвтэж байхад нүдний шилийг минь дөхүүлснээ тэрээр надад ингэж хэлэв. “Том бэрхшээл тулгарлаа. Гэхдээ аз болж бүгд амьд мэнд байна, ноцтой гэмтсэн, бэртсэн хүн алга. Одоо бүгд шоконд байна. Шокноосоо гармагц орь дуу тавиад, өөр өөрийнхөөрөө зүтгээд хямарч эхэлнэ. Ялангуяа манай энэ хүүхнүүд. Тэр нь цаашаа халдварлана. Зогсоох, зохион байгуулах аргагүй болно. Тиймээс одоо эднийг захирч нэгтгэх шаардлагатай. Бүгдийг ямар ч завгүй байлгах хэрэгтэй. Би монголоор ярихгүй, ахмад Лувсандорж англиар ярихгүй. Тиймээс захирах хүн та л байна. Одоо хамаг хогшлоо нисдэг тэрэгнээс зөөж тэр хуурай энгэрт гаргах хэрэгтэй. Майхан саваа босгох хэрэгтэй. Мод түүж, галаа түлэх, хувцас хунараа хатаах хэрэгтэй. Халуун хоол хийж, цайгаа чанах хэрэгтэй. Энд хэр удаан байхыг хэн ч мэдэхгүй тул эм тариа, хоол хүнс, архи ундаагаа тооцож тодорхой хүмүүст хариуцуул. Нислэгийн төвтэй холбоо барих хэрэгтэй. Нисдэг тэрэг усанд суусан тул тэжээлийг нь салга гэж ахмадад хэл. Аккумуляторын цэнэг нь сууж мэднэ. Одоо цаг алдаж болохгүй. Та аль болох тайван тогтуун ярих нь зөв. Гэхдээ ийм онцгой нөхцөлд бүгдийг захирах эрх, үүрэгтэй гэдгээ өөрөө ч ойлго, бусдад ч харуул. Бүгд нэг зорилгын төлөө ажиллах ёстой гэдгийг мэдрүүлэх нь чухал. Та намайг ойлгов уу гэж билээ.

Би түүнийг ойлгохын дээдээр ойлгов. Тэр өдөр Мими хатагтай бид хоёр удаан ярилцсангүй. Түүний ганц хоёр үг, нүдний харц нь надад хангалттай байв. Түүний заасан бүхнийг би хийв. Миний хэлсэн бүхнийг тэд гүйцэтгэв. Тэд намайг захирах, зангидах эрх үүрэгтэй лидер мөн гэж хүлээн авсан. Гэтэл амь тулсан үед ачааны хүндийг нь үүрч бусдаа араасаа чирдэг, жинхэнэ хатуу лидер, сүргийн манлай нь эелдэг зөөлөн ааштай Мими авгай байсан юм.

Сэтгүүлч Алтай. Бид хоёрт эрт дээр үеийн найзууд. Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэх том айлд бид хоер балчир залуу байхдаа бараг зэрэг ажилд орсон байх. Тэр телевизэд, би МОНЦАМЭ-д зүтгэж байгаад хоёулаа сүүлд нь тухайн байгууллагынхаа малгай, толгойд нь гарч үзсэн хоёр. 1980-аад оны дундуур тэр намайг урьж “Цаг үе, залуучууд” гэх олныг шуугиулсан нэвтрүүлэг ч хамтран хийж явлаа. Тэр нэвтрүүлгээрээ олонд танигдсаныхаа хүчинд бид хоёр 1990 оны анхны ардчилсан сонгуульд оролцон АИХ-ын депутат болцгоож, шинэ Үндсэн хуулиа батлалцаж байлаа.

Алтай намайг дэмжээгүй бол би тэр аяллыг зүрхэлж зохион байгуулахгүй байсан. Америк хатагтай нар ч ирэхгүй, тийм аялал ч болохгүй, өнөөдрийн энэ дурсамж ч байхгүй байж. Алтайг мэргэжлийн сэтгүүлч гэдгийг би сайн мэднэ. Сайн сэтгүүлч. Гэхдээ мэргэжилдээ тэгтлээ үнэнч, түүндээ тэгтлээ ороод уусчихсан хүн гэдгийг осолд орсон тэр өдөр л би мэдсэн байдаг.

Тэр өдөр миний үгэнд захирагдахгүй гүйгээд байсан цорын ганц хүн бол Алтай байлаа. Юм зөөх, мод түлээ татах үүрэгтэй атлаа тэр нэг мэдэхэд л жижиг видео камераа гаргачихсан зураг дараад яваад байв. Би бүр сүүлдээ тэссэнгүй “Чи одоо боль. Наад ажлаа хий. Энэ хэд юу гэж бодох юм” гэж түүнийг зандрав. “За юун сүртэй юм. Би хөдөлж л байна. Гэхдээ ийм аймаар ховор плантай зураг авахгүй өнгөрч болохгүй нь ээ, өвгөөн. Дахин давтагдахгүй ш дээ, ийм осол чинь” гээд өөдөөс марсайгаад яваад байлаа.

Мэргэжлийн өвчин гэж үүнийг л хэлдэг байх. Намган дундуур туучиж ачаа тээшээ дээш гаргах, тэртээ харагдах хуучин өвөлжөөнөөс түлээний мод, банз татах, майхнаа хатгах, хоол хүнс, эм тариагаа бөөгнүүлэх, аврах бүлгийнхэн ирж, бид буцаад ниссэн бүх л явцыг Алтай тэр жижиг камертаа бичсэн байх. Нисдэг тэрэг унаж байх тэр аюултай мөчийг ч бичээд авсан байхыг үгүйсгэх аргагүй. Үхэж байхдаа ч сурвалжилж мэдэх л нөхөр. Гэхдээ тэр өдрийн авсан зургийг нь би огт үзээгүй. Одоо үзвэл үнэхээр сонин байхсан. Тэр аймаар ховор плантай олон зураг чинь хаа байна аа, Алтай найз аа? Америкчуудад өндөр үнээр өгчихсөн юм биш биз?

Хурандаа Сугар. Дуу цөөнтэй, цаанаа нэг дооглонгуй жогтой харцтай, давжаа биетэй, бор нөхөр. Тэр үдэш хажуу талын задгай энгэрт нисдэг тэрэгтэйгээ буусан даруйдаа бидэнтэй мэндлээд Сугар хурандаа хэлж байна:

-Ослын мэдээ хүлээж аваад бид шуурхай ажиллав. Та хэд байршлын нарийн мэдээллээ явуулсан байсан тул бид эрэл хайгуул хийж цаг барсангүй, шууд л ороод ирлээ. Манан ашгүй арилчихлаа. Одоо эндээ хоноод маргааш өглөө Мөрөн рүү ниснэ, тэндээсээ та хэдийг онгоцоор Улаанбаатар хүргэнэ. Намагт унасан тэргийг босгож чадвал бүх ачааг чинь аваад явна. Чадахгүй бол хүн бүр таван килограммаас хэтрэхгүй гар тээштэй нисэх болно. Нисдэг тэрэгний багтаамж 20 хүн. Та нар 18 уулаа. Надтай нийлээд зургаан хүн ирсэн. Бүгд буцаад нисэх естой. Эзгүй тайгад хэнийг ч үлдээхгүй. Бид одоо дор очиж нисдэг тэргээ босгох арга хэмжээ авна. Шөнө мотор хангинуулж амгалан тайван байдлыг чинь алдагдуулж магадгүй шүү. Уучлаарай.

Унасан нисдэг тэрэгтэйгээ тэд шөнөжин ноцолдов. Үе үе моторын дуу гарч хүчтэй хаазалж буй нь сонсогдож байлаа. Өглөө эрт нисдэг тэргээ намгаас гаргав. Бид бүгд майхнаасаа суга үсрэн гарч үнэгүй үзвэр үзлээ. Урд дугуй байх ёстой газраараа цөмөрсөн нүхтэй, шаварт будагдаж, эрээн цоохор болсон нисдэг тэрэг агаарт хөөрч алсуур тойрсноо доошлов. Түүнийг Сугар хурандаа жолоодож байна. Цөмөрсөн нүхээр нь агаар хүчтэй сорогдож байгаа бололтой, хурандаагийн халимаг нь панк рок маягаар босчихсон нааш цааш налж байгаа нь харагдав. Нисдэг тэрэг шууд газардсангүй, газраас метр хагасын зайтай агаарт байх хооронд экипажийнхан хэдэн том дугуй өнхрүүлж ирээд дээр дээрээс нь өрөв. Нисдэг тэрэг аажим доошилсоор урд биеэрээ тэр хэдэн дугуйг зөөлхөн дараад авлаа. Мотор унтарч, нисдэг тэрэгнээс панк үстэй хурандаа үсрэн буухад америк хатагтай нар алга нижигнүүлэн ташиж “Браво” гэж хашгирав.

Майхныхаа гадаа бөөгнөрөн зогсох бидэнд дөхөж ирснээ Сугар хурандаа:

-Баяр аа, эдэнд орчуулаад өгчих. Одоо хамаг ачаагаа тийшээ ачна. Нисэхэд үндсэндээ бэлэн. Скоч л хэрэгтэй байна. Гэхдээ энгийн биш тусгай зориулалтын сайн наалддаг скоч байвал зүгээр. Анчид, загасчид уг нь байнга авч явдаг даа. Дээр нь тэр цаасан хайрцгаа өгчих. Нүхээ бөглөхөөс аргагүй нь. Тоос сорогч шиг агаар сороод малгай тогтохгүй, малгайгаа авчихаар энэ муу халимагны хэлбэр эвдээд байх юм. Энэ сайхан хатагтай нарт муухай харагдмааргүй байна шүү гээд инээж байна.

Мөрөн орох замд хоёр нисдэг тэрэг зэрэгцээд шахуу нисэв. Зам зуур нөгөө скоч, алимны цаасан хайрцаг хоёр ачаалал даалгүй ховх үсэрсэн бололтой, нэг ойртоход халимаг нь панк хэлбэртээ дахин орчихсон Сугар хурандаа нисдэг тэрэгнийхээ урд цонхоор харагдав.

Мөрөнд бид түрүүлж буугаад нөгөө үнэгүй үзмэрээ дахин үзлээ. Гаднаа шавартай, доороо нүхтэй нисдэг тэрэг агаарт дүүжлэгдэн, энэ хооронд экипажийнхан дотроос нь үсрэн бууж, нөгөө хэдэн том дугуйнуудаа гарган дээр дээрээс нь өрөв. Нисдэг тэрэг аажим доошилж урд биеэрээ дээр нь зөөлхөн мордоод авлаа. Америк хатагтай нар алгаа нижигнүүлэн ташиж, “Браво” хэмээн дахин хашгиралдав.

Энэ хооронд Мими надад хандан “Монголчууд та нар проблем шийдэхдээ ч, үүсгэхдээ ч гарамгай юм. Гэхдээ би нэг л юм ойлгохгүй байна. Аваарт орсон нисдэг тэргийг манайд бол шууд л хаядаг. Гэтэл танайх босгож ирээд нисээд байх юм. Ингэж нисэж байх ямар хэрэг байна аа? Бидний ачааг авч явахын тулд гэж үү? Ямар ч үнэтэй ачаа тээш байлаа ч ийм эрсдэл гаргах хэрэггүй баймаар. Та юү гэж бодож байна?” гэж асуув. Би юу хариулахаа мэдэхгүй мөрөө хавчаад “Сугар хурандаагаас би танд асууж өгье л дөө” гэв. Тэгтэл Мими “Хурандаагаас асуугаад хэрэггүй. Би зүгээр л төрсөн бодлоо л хэлчихлээ. Уучлаарай” гэлээ.

Түүнээс хойш Сугар хурандаатай би мөн ч олон удаа нислэгт явж байв. Нэг удаа Минжийн хилийн застав дээр байхдаа түүнээс Мимигийн нөгөө асуултыг нь асуулаа. Бодоод байх нь асуух естой л асуулт шиг надад санагддаг байв. Сугар хурандаа:

-Өө, тэгж асууж байсан уу, тэр ихэмсэг авгай? Асуудал тэр хэдийн ачаа бараанд байгаагүй нь ойлгомжтой. Амьдрал бол хаана ч гэлээ эрээнтэй бараантай байдаг. Гэхдээ манай эрээн бараан тэднийхээс өөр. Тэд бидний зовлон, бид тэдний зовлонг ойлгохгүй. Би тэр муу ахмад Лувсандорж, тэр экипажийн хэдийг л бодсон санаатай. Уг нь сайн залуучууд, сайн нисгэгчид байгаа юм. Даанч муухай, бүдүүлэг алдаа гаргасан даа. 18 хүний амиар тоглочих шахсан. Тиймээс заавал шийтгэл хүлээх ёстой, хүлээсэн ч байгаа. Гэхдээ нисдэг тэрэг нь эзгүй хээр үлдсэн бол шийтгэл нь бүр хатуу тусах байлаа. Төлбөр ялбар нь энэ насандаа барагдахгүй. Тэгээд ч тэр нисдэг тэрэг нь Оросоос түрээсээр авчирсан, овоо гайгүй эд байсан юм. Харин нисгээд буудалд газардуулбал, төлбөр нь засварын үнэ өртгөөр л хэмжигдэнэ. Шийтгэл нь ч арай гайгүй бууна. Тэр сайхан залуучууд, ар гэр, авгай хүүхдийнх нь амьдрал, хувь заяанд арай л өөр тусна шүү дээ гэж билээ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Амьдрал эрээнтэй бараантай байхаас гадна хүний санаанд оромгүй гэнэтийн учрал тохиол сэдэхийг яана. 2003 онд би ОХУ-д Элчин сайд байхдаа Новосибирск хотын нисдэг тэрэгний үйлдвэр дээр очлоо. Манай Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) хэрэгцээнд нисдэг тэрэг хэрэг болоод төвөөс намайг худалдан авах, түрээслэх асуудлыг судлах, урьдчилсан яриа хэлэлцээ хийх даалгавар өгсөн байв.

Үйлдвэрийн газрыг нь үзэнгээ хариуцсан захиралтай нь үг сольж явлаа. Шинэ нисдэг тэрэгний үнэ нь манайдаа арай л чанга буух гээд “Өөр ямар хувилбар байна” гэж асуув. Гэтэл үйлдвэрийн захирал:

-Өөр хувилбар байж болно шүү. Надад их засварт ороод гарсан хэдэн гайгүй тэрэг байгаа. Очоод үзэх үү? Сониноос, нэг нь танайд осолд орж унасан гэсэн. Урд дугуй нь хугараад, нисгэгчийн кабин бага зэрэг гэмтсэн байсан. Бид бүгдийг нь сайхан засаад шинэ юм шиг болгочихсон байгаа. Хөдөлгүүр, сэнс зэрэг нь нь бол бүр ч ярилтгүй сайхнаараа. Нисэгч нь мартаад “ди-айсаа” залгаагүйгээс хөдөлгүүр нь унтарсан гэсэн. Тэрнээс бол машинд ямар ч асуудал байгаагүй. Бөөн уул хадтай газар өндөрт нисч яваад нэг хөдөлгүүр нь зогссон гэж байгаа. Амьд мэнд яаж газардсан юм, бүү мэд. Ёстой мянгаас ганц шанс гэдэг энэ байх. Та төсөөл дөө! Дүүрэн хүн, ачаа, түлштэй уул хад, битүү манан дундганц хөдөлгүүртэй… Ээ, бурхан минь! Энэ нисдэг тэргийг авсан ч, түрээслэсэн ч танайд ашигтай. Айх юм үгүй. Нэг унасан тэрэг тэр газраа дахин яасан ч унахгүй гэдэг хэмээн орос захирал ярьсаар байлаа.

Гэнэт орж ирсэн бодолдоо автсан би тэр оросын яриаг цааш нь өөдтэй сонсож чадсангүй. “Төсөөл дөө” гэнэ шүү… Төсөөлөх байтугай юм болсныг энэ товарищ яаж мэдэх билээ… “Чи юу ярина вэ… Тэрэн дотор чинь би өөрөө байж, энэ чихээрээ сонсож, энэ нүдээрээ харж, энэ биеэрээ мэдэрч байсан юм” гэлтэй биш… Бараагаа шахах бодолтой яваа танихгүй энэ орост юу ч хэлэх билээ. Тэгээд ч урьдчилсан яриа, хэлэлцээр хийж яваа тул илүү үг огт хэрэггүй. Очоод үзлээ. RA 22203 дугаартай нисдэг байсан нөгөөхийг би огт таньсангүй. Шив шинэхэн будаг ханхалсан ижилхэн хэдэн тэрэг дотроос тэр нь мөн гэх тэмдэгби олж харсангүй. Гэхдээ нэг бодол дотор эргэлдээстэй. Нээрээ ч “нэг унасан тэрэг тэр газраа дахин унадаггүй” гэдэг нь үнэн бол ярилцаад үзье гээд зарах, түрээслэх үнэ цэнийн талаар сонирхож ярилцав. Бас л чанга юм хэлээд болдоггүй. Эргээд уулзъя даа гэснээр хэлэлцээр маань түр завсарлав.

Тэгтэл төвөөс “Одоо хэрэггүй. Энүүгээр өөр хувилбар яригдаж байна” гэснээр бидний тэр хэлэлцээр зогссон юм. Наймаа бол наймаа. Бүтвэл бүтнэ, бүтэхгүй бол тэр. Тэглээ ч надад нэг л харамсалтай санагдаж билээ. Тэр нисдэг тэрэг маань одоо хаана нисч явдаг бол?

*   *   *   *   *

1996 оны тэр аялалд оролцсон хүмүүсээс би Алтай найзтайгаа хуучны холбоо, сүлбээгээ тасалчилгүй явж иржээ. Тэрээр 2013 оноос дипломат албанд шилжиж одоо Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж буй тул уулзах учрах маань цөөрч, утсаар л хаяа холбогддог.

Монгол Улсын Гавьяат нисэгч Сугар хурандаатай би хөдөө ийш тийш нисэх үедээ олон ганзага нийлж байлаа. Нүдээрээ жогтой инээсэн, гүдэсхэн сайхан монгол тэр эр 2007 оны 6-р сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ойн түймэр унтраах ОБЕГ-ын бүрэлдэхүүнийг тээвэрлэж яваад осолд орж зуурдаар нас барсан.

“МИ-8” нисдэг тэрэгний дарга, ахмад Лувсандорж, хоёрдугаар нисэгч ахмад Батбаяр, бортмеханик дэслэгч Төмөрцогт нар 1996 оны сүүлээр Улсын комиссын хурлаар орж нисэх эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан. Ахмад Лувсандорж Хилийн цэрэгтээ алба хашиж байгаад 2010 онд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан. Ахмад Батбаяр 1999 онд цэргээс халагдаад 2000 онд зуурдаар нас барсан. Ахлах дэслэгч Төмөрцогт 1998 онд цэргээс халагдаад нэг хэсэг Солонгос улсад ажиллаж байгаад 2002 онд буцаж ирсэн. Одоо МАК компанийн нисэх албаны инженер, бортмеханик-багшаар ажилладаг.

Аяллын хөтөч, тогоочийн үүрэг гүйцэтгэж явсан Алтангэрэл, Батсайхан нартай тэр аяллаас хойш учрах завшаан гарсангүй явсаар саяхан уулзлаа. Алтангэрэл гео-инженерийн мэргэжлээрээ ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарчээ. Батсайхан МУИС-д археологийн багшаараа ажилладаг аж.

Америк хатагтай нар маань хаана, юу хийж яваа талаар надад тодорхой мэдээлэл алга. 1996 оны тэр зун Мөрөнгөөс Улаанбаатарт буусан даруйдаа тэдний дөрөв нь шууд буцна гэсээр нутаг буцсан. Долоо нь үлдэж бидэнтэй Тэрэлж хавиар ганц нэг өдөр загасчилсан. Тэр долоогоос гурав нь Монголд үе үе зочилж сайн танил болсон Сугар хурандаагаа дайчлаад олон сайхан үзэсгэлэнт газар бууж, хөөрч явсан гэж хожим надад нэг нь дурсан ярьж билээ.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн БАЯР /2016 он/

SHARE