Хөрс хамгаалах өдөрлөг боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч  Т.Батцогтын санаачлагаар НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулав.

Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Д.Баттулга нарын албаны төлөөллүүд оролцлоо.

Мөн энэхүү өдөрлөгт хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага оролцсон бол өдөрлөгт 600 гаруй иргэн оролцож, мэдээлэл авлаа.

Өдөрлөгийн үеэр байгаль орчиндоо ээлтэй, эко орчин бүрдүүлсэн иргэнээр Сүхбаатар дүүргийн иргэн Л.Эрдэнэчулуун, аж ахуйн нэгжээр “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэсн”, Шилдэг инновацийн шийдэл танилцуулсан байгууллагаар “Ховд тул” ХХК тус тус шаргарсан юм. Энэ удаагийн өдөрлөг нь хөрс судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэг дор анх удаа танилцуулж байгаагаараа онцлог байлаа.

SHARE