Сургалтанд 40 орчим сэтгүүлч хамрагдлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, олон нийтийн анхааралыг энэ чиглэлд хандуулах, ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын бага хурлын ач холбогдлыг ойлгуулан таниулах, монгол орноо сурталчлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевизээс ирсэн холбоо харилцааны болон цаг агаарын гамшгийн мэдээний чиглэлээр мэргэшсэн редактор, сэтгүүлч нар удирдан явуулсан бөгөөд гамшгийн талаарх мэдээ, сурвалжлага хэрхэн бэлтгэх,  ирэх 7-р сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр Монголын  сэтгүүлчид мэдээ, сурвалжлага хийх боломж зэрэг сэдвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон юм.

Сургалтанд төвийн телевиз, сонин, сайтын 40 орчим сэтгүүлч хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд гэрчилгээ гардууллаа.

Тус сургалт Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

SHARE