Ц.Ганхуяг: Эрдэнэсийн аралдаа эзэн суух л болно

Өнөөдөр 2018 оны 4-р сарын 5-ний өдөр. 11 цагт Сүхийн талбайд жагсана. Хөх Монголчууд сэрж, Их үйл хэргээ эхлүүлж байгаа өдөр өө.

Хэсэгтээ МАНАН-д төөрч, будилан, тэдний эрхшээлээс гарахаар зарим нь харийн нутаг зорьж боолын хөдөлмөр эрхлэн, эх орон хань ижил, үр хүүхдээсээ хол амьдарч байна.

Зөвхөн Оюу толгойн орд л гэхэд нэг хүнд 320 орчим сая төгрөг ногдохтой дүйцэх ЭРДЭНЭСИЙН АРАЛ юм.

Эрдэнэсийн энэ аралд 44 сая тонн зэс, 1,8 мянган тонн алт, 6 мянган тонн мөнгө, 157 мянган тонн молибден илрээд байна.
Эрдэнэсийн арлыг эгэл монголчууд, өвөг дээдэс маань аль эрт олж Оюу Толгой хэмээн нэрлэжээ.

Дараа нь оросууд энд үнэхээр эрдэнэс байгаа юм байна гэсэн судалгаа хийсэн байна.

Эрдэнэсийн авдрын түлхүүр атгасан МАНАН Оюу толгойг РиоТинто-д найр тавин өгчээ.

Баялагийн эзэн болох Монголчууд хоосон хоцорч харин тэд эзэн сууж, суух хугацаагаа 70 жилээр тогтоолгон авчээ.

Ингэж болох уу? Үүнийг орчин цагт шинэ маягийн колоничлол гэдэг юм. Колонийн дарангуйлал ч гэдэг.

Итгэж өгсөн түлхүүрээ буцаан авах тэмцэл өнөөдөр ийн эхэлж байна.

Өвөг дээдсийн халуун амь бүлээн цус, хань ижил, ахан дүүс, үр хүүхдээ золин байж авч үлдсэн Монголын энэ сайхан нутагт эрдэнэсийн олон арал бий.

Энэ олон эрдэнэсийн эзэд болох ард түмэн боолын хөдөлмөр эрхлэн, өлөн зэлмүүн амьдрах учиргүй юм. Босоо заяа нь гудайх, гундах ёсгүй юм аа.

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг.

Бид бултаараа хүслээ, сэтгэлээ, хүчээ нэгтгэвэл БАЯЛАГТАА ЭЗЭН СУУХ л болно.

Иргэний Зориг Ногоон Намын дарга Ц.ГАНХУЯГ

 

SHARE