“Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн оюутнуудад илтгэл танилцууллаа

“Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн 2-р сарын сургалт амжилттай зохион байгуулагдаж үр дүнгээ дүгнэлээ. Энэхүү хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй сургуулийн 200 орчим оюутан хамрагддаг бөгөөд оюутнууд сард нэг удаа эдийн засгийн анхан шатны мэдээлэл олгох хичээл заах эрхтэй болж, өөрийн сургуулийн 50-аас дээш оюутнуудад мэдээллээ хуваалцдаг юм. 2017 оны 9 дүгээр сараас эрчимтэй эхэлсэн уг хөтөлбөр өнөөдрийн байдлаар 8000 гаруй оюутанд хичээлээ заан, хүргэсэн байна.

“Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн 2-р сарын сургалтанд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн урилгаар оролцож “Банк санхүүгийн байгууллагын аюулгүй байдал” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Оюутнуудын сонирхсон асуултуудад хариулж, өөрийн ажил, амжилтын түүхээс хуваалцсан юм.

Мөн Монголбанкны Хууль эрхзүйн газрын хэлтсийн захирал А.Туул оролцож “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” аяны талаар танилцуулга хийлээ. “Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрийн оюутнууд тус аяныг дэмжин хамтран ажиллахаар болсон. Ийнхүү уг сургалтанд 120 гаруй оюутан хамрагдлаа.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд өөрийгөө хөгжүүлэх, ярих илтгэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн мэдлэгээ сайжруулах, дадлага ажилд туршлагажих, найз нөхдийнхөө хүрээг тэлэх, төв банкны хурал зөвлөгөөн бодлого шийдвэрт илүү ойр болж мэдээлэл авах, төв банкнаас зарласан тэмцээн уралдаанд оролцох зэрэг олон давуу талтай юм. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудад нээлттэй тул бүртгүүлж хамрагдах бүрэн боломжтой.

“Монголбанкны сургагч оюутан багш” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд battuul@mongolbank.mn хаяг болон 310119 дугаарт холбогдон бүртгүүлэх боломжтой.

SHARE