Перс, түрэг үндэстнүүдийн хаврын баяр новрузын түүхээс

Перс болон түрэг үндэстнүүд хаврын өдөр шөнийн тэнцэл тохиодог гуравдугаар сарын 21-нд новруз хэмээх баярыг эртнээс тэмдэглэсээр ирсэн билээ. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болохоос өмнө үүссэн гэх новрузыг өнөөгийн Ираны нутаг дэвсгэрт манай эриний өмнөх 700-300 онуудад  оршин тогтнож байсан Ахеменидийн перс эзэнт гүрний зороастри шашны албан ёсны баяр болгон тэмдэглэж эхэлсэн гэж үздэг байна.

Перс хэлнээс орчуулбал новруз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд аргын тооллын иран цагалбарын нэгдүгээр сар фарвардины ораз гэдэг эхний өдөр тохиодог ажээ. Шинэ жил буюу новрузын баяр нь Персийн эзэнт гүрэн, персийн соёлын нөлөөнд байсан Ойрхи дорнод ба Дундад Азийн үндэстнүүдийн дунд өргөн дэлгэрсэн бөгөөд лал буюу исламын шашны уламжлалтай шууд холбоогүй юм.

Иймээс ч Ойрхи дорнодод новрузыг арабууд нүүдэллэж ирэн Арабын халифатын гүрэн бий болж лалын шашин дэлгэрэхээс өмнө оршин сууж байсан уугуул үндэстнүүд л тэмдэглэдэг байна. Харин арабууд хаврын энэ баярыг тэмдэглэдэггүй ажээ. Иймээс ч новрузыг албан ёсоор тэмдэглэхийг Туркт 1925-1991 онуудад хориглож, харин Сирид өнөөг хүртэл хориглосоор байгаа юм.

Новрузыг өдгөө манай улсын казах түмнээс гадна Азербайжан, Албани, Афганистан, Босни ба Херцеговин, БНХАУ (Шинжаан-Уйгарын өөртөө засах орон) Гүрж, Ирак (Курдистан), Иран, Казахстан, Киргизстан, ОХУ (Башкортостан, Дагестан, Татарстан г.м.), Тажикистан, Турк, Туркменистан, Узбекистан, Энэтхэг (хойд зарим мужид) зэрэг олон оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг байна.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE