Байгаль орчны үнэлгээ ба худалдагдсан эрдэмтэд

Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг салбар нь уул уурхай. Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр гаргасан цахим тайлангаар улсын хэмжээнд ашигт малтмалын 3707 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа бол тусгай зөвшөөрөлтэй 2225 компани байна. Газар нутгийн хувьд 10 780 882.32 га талбайд ашигт малтмал, 36 806 330.47 га талбайд газрын тосны тусгай зөвшөөрөл олгогдоод байгааг тус цахим тайлангаас харж болно. Өөрөөр хэлбэл, Монгол орны нийт газар нутгийн 30.42 хувь нь уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн үг.

Лиценз буюу тусгай зөвшөөрөл бүрийн цаана давхар яригддаг нэг асуудал нь байгаль орчны нөлөөллийн тухай байдаг. Тиймээс ч байгаль орчны үнэлгээний тухай тусгайлсан хуулийг УИХ батлаж мөрдсөөр багагүй хугацаа өнгөрч байна. Байгаль орчны үнэлгээ гэдэг нь ямар нэгэн төсөл, төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төсөл, төлөвлөгөө, бодлого нь байгаль орчинд эерэг болон сөрөг байдлаар хэрхэн нөлөөллийг үнэлэхийг хэлнэ. Байгаль орчны үнэлгээ дотроо дөрвөн төрөл. Байгаль орчны стратегийн, төлөв байдлын, хуримтлагдах нөлөөллийн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж. Сүүлчийнх буюу байгаль орчны үнэлгээ дотроо бас ангилагдаж ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, хохирлын үнэлгээ, эрсдлийн үнэлгээ гэж хуваагдана. Дээрх үнэлгээ бүр байгаль орчинд асар их ач холбогдолтой.

Одоогоор манай улсад байгаль орчны үнэлгээний зөвшөөрөлтэй 200 орчим аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь “Экотрейд”, “Нуман-Алтай”, “Экосфера”, “Энвайрон”, “Грийнтрендс” зэрэг 30 орчим аж ахуйн нэгж байдаг ажээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэнбугай ч хайгуул, олборлолтоо эхлэхийн өмнө тухайн газрын байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэхийг заавал үнэлүүлж, хэрэв сөрөг нөлөөлөл тодорхой хэмжээгээр үзүүлэхээр бол түүнийг хэрхэн бууруулах төлөвлөгөөг гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсны үндсэн дээр хайгуулын ажлаа эхлүүлэх ёстой. Байгаль орчны сөрөг нөлөөлөл ихтэй бол төслийг зогсоох ч эрх энэ компаниудад бий.

Гэвч өнөөдрийн Монголын уул уурхайн бодит төрхийг харвал байгаль орчинд сөрөг нөлөөгүй нэг ч төсөл байхгүйг захын малчин хэлнэ. Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж эдийн засгийн гол хөшүүргийн нэг малын бэлчээр талхлагдаж, нийт бэлчээрийн талаас илүү хувь нь доройтолд орсныг судлаачид анхааруулж байгаа. Зөвхөн бэлчээрийн доройтол ч бус, хөрс агаар, ургамал, амьтны амьдралд, цаашлаад нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ч ноцтой зөрчигдөж буй. Ийм жишээ захаас аваад л бий. Дорнодын Мэнэнгийн талыг там болгосон, зээрийн нүүдлийг тасалсан газрын тосны олборлолт, Тосон Заамарыг тоосон Заамар болгосон алтны уурхайнуудыг хэлэхэд л хангалттай. Үүн шиг олон жишээ аймаг бүрт байгаа. Уул уурхайн төсөл байгаль орчинд ийм нөлөө үзүүлэхийг уг нь анхнаас нь мэдсэн хүмүүс нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээчид. Гэвч тэд уул уурхайн компаниудтай ашиг сонирхлын зөрчилтэй байдгийг салбарынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг болжээ. Товчхондоо байгаль орчны салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд компаниудын халаасанд орчихсон гэцгээж байна. Үнэн ч байж мэдэх.

“Энэ төсөл байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Төслийг зогсоох шаардлагатай” гээд хэлчих эр зоригтой нэгэн өнөөдөр даанч алга. Нэг ч төсөлд ийм эсэргүүцэл, шаардлага байдаггүй ажээ. Үнэлгээний 200 орчим компани байдаг ч төсөл бүрт хийгдэж буй үнэлгээний тайлан бүгд нэгнээсээ хуулбар болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим мэдээллийн сангаас шүүгээд харахад илт. Төслийн нэр нь өөр болохоос бусад бүх мэдээлэл өөр нэг тайланг тоть шиг давтчихсан. Үүнийг үнэлгээчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Ийм байхад байгаль орчны зөв үнэлгээ гарна гэдэг тун эргэлзээтэй. Аливаа төсөл байгаль орчинд учруулах хор хөнөөл нь их гээд зогсоож чаддаггүй юм гэхэд ядаж хууль ёсны дагуу үнэлгээгээ хийчихдэг ховор болжээ. Нөгөө талд компаниуд тусгай зөвшөөрөл авчихсан л бол шууд хайгуул хийхийг урьтах болж. Асуудал гарвал байгаль орчны үнэлгээгээ дороо батлуулчихна. Байгаль орчны үнэлгээний компаниуд хуурамч материал бүрдүүлээд өгчихнө. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д гэхэд төсөх хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлийг харгалзах тухай заасан байдаг. Нэг үгээр, тухайн төсөл хөтөлбөрт нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага ямар саналтай байгааг тусгах ёстой гэсэн үг. Харамсалтай нь хуулийн энэ заалт уул уурхайн ямар ч хайгуул олборлолтод хэрэгждэггүй. Нутгийн иргэдээс санал авдаггүй, авлаа гэхэд тойруу замаар утга найруулгыг өөрчилж байгаад л хөдөөний хэдэн малчдын гарын үсгийг авчихдаг гэж байгаа. Увс аймагт газрын тосны хайгуул эхлүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани байгаль орчны үнэлгээ хийхдээ Зүүнговь сумын нэг багийн иргэдийг ИТХ-ынх дарга байхгүй хойгуур нь цуглуулж буруу яриа ухуулга хийгээд гарын үсгийг нь авчихаад, дараа нь ИТХ-ын даргыг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас утсаар дарамтлуулж байгаад өөрийг нь ч ойлгохгүй тогтоол бичүүлээд авчихсан жишээ байна.

Байгаль орчны нөлөөллийн тухай хууль гэхэд төсөл хэрэгжүүлэгч талд хэт их эрхийг өгсөн байгааг энэ хуулиас харагдана. Уг нь байгаль орчныг хамгаалах хууль байх ёстой. Хамгаалахын тулд төсөл хэрэгжүүлэгчид тавих шаардлага, хүлээх үүрэг нь арвин баймаар. Харин нөгөө талд хамгаалах хэсэг нь давамгай эрхтэй. Ядаж л нөлөөлөлд өртөх иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудынх нь байр суурийг шийдвэрт нөлөөлөх хэмжээнд авч үздэг баймаар. Хуулийн 9.3-т ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно гэж заасан нь илт ашиг сонирхлын зөрчилтэй заалт гэж ойлгогдоно. Төсөл хэрэгжүүлэгчээс санхүүжиж байгаль орчны үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгож болох уу. Үнэлгээний компаниудын эзэд гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажилладаг байсан хэн нэгэн, эсвэл энэ яаманд шийдвэр гаргах эрх бүхий хүмүүстэй танил байдаг гэлцэх. Уул уурхайн компаниуд энэ сүлжээг судалж байгаль орчны төлөвлөгөөгөө цаг, мөнгө хэмнэн батлуулахын тулд яамтай холбоо сүлбээ сайтай үнэлгээний компанийг сонгодог хар практик бий болсон гэх юм билээ. Мэдээж үүний цаана багагүй хэмжээний мөнгө яригдана. Нийтийн баялгаас завшдаг ажиллагааны өчүүхэн нэг хэсэг нь энд ингэж л өрнөдөг ажээ.

Энэ бүхний цаана бүгд хүн бий. Тэд бүгдээрээ байгаль эхээр тэжээгддэг. Агаар, хөрс, ус, ургамал өчил өгдөггүй гээд дураараа дургих эрх байгаль орчноор мэргэшсэн хүмүүст бүр ч байх ёсгүй. Харин ч эсрэгээрээ зогсох учиртай. Эрдэмтдийн шинжлэх ухааны үндэслэл энэ салбарт хамгийн их дутагдаж байна. Бусад салбарт ч тэр. Шинжлэх ухаан хөгжихөө больж, эрдэмтэд нь бусдын халаасанд орчихсоноос болж зөв хөгжил ярих аргагүйд хүрч сөрөг үр дагаврууд ар араасаа хөвөрсөөр байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE