Бүгдийг дардаг бундангийн хатан

“Алтжин” группийн захирал Г.Алтан гэхээр Монголд лав мэдэхгүй хүн ховор биз ээ.

Тэрээр төрд ямар нэг алба хашиж яваагүй. Харин бизнесийн ертөнцөд дуулиан шуугиантай амьдарч яваа эмэгтэй гэдгээр нь хүмүүс мэдэх байх л даа.

Яг одоо “Алтжин” групп, Г.Алтан захирал “шатсан” Бөмбөгөрөөс өөр ямар бизнестэй гэдэг нь мэдэгддэггүй. Ер нь тэр тун нууцалдаг. Энэ талаараа нэг их яриад байдаггүй.

Гэхдээ Г.Алтан 2000-аад оны үед АПУ-гийн хувьчлалын үеэр олны танил болж байлаа. Тэр хувьчлалын өрсөлдөөнд ялагдчихаад САПУ гэдэг компани байгуулж байв.

За тэгээд түүнээс хойш Монголд болж буй бизнес, эдийн засгийн хамаг том асуудалд нэр нь цохиж явах болсон билээ.

Заримаас нь дурдвал, Зоос банк, Хадгаламж банк, Төрийн банк, Олон овоот, Эрдэнэт үйлдвэр зэрэгтэй холбоотой маргаанд ихээхэн хамааралтайгаар нэр нь гараад байдаг юм.

Мөн түүнийг Эрдэнэт үйлдвэр, бас Төрийн банкны захирал болох гэж байна гээд л цуурдаг.

Бас эрх баригч МАН-ыг 2012 оны сонгуульд орох гэээд ядарч явахад нь 1 000 000 /нэг сая/ доллар бэлнээр өгч зээлдүүлсэн. Өнөөг хүртэл буцааж аваагүй. Өрнийх нь барьцаанд Үлэг гүрвэлийн музей байсаар л байгаа.

Үүнээс гадна баримт нотолгоо байдаггүй ч барим тавим яриануудаар Г.Алтан нь олон хүний нууц амраг гэгддэг юм. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, “Мон Уран”-ы Б.Наранхүү нартай холбоотой гэж мөн ч олон жил яриулж бичүүлж байгаа эмэгтэй. Тэрээр Б.Наранхүүгийн талаар олон таван үг яриад байдаггүй. Харин Ц.Нямдоржийг “Хэзээ ч уулздаггүй мөнхий нууц амраг” гэсэн байдаг.

Энэ бүгдээс нь хараад түүнийг хэдхээн үгээр дүгнэж болно.

Хөзөрт бол хүн, тамга хамгийн дээр нь байдаг даа. Харин өнөөгийн нийгэм дэх Г.Алтангийн оролцоог харвал бүгдийг дардаг Бундангийн хатан л болж харагдаад байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE