Мерил Стрип: ЦААШИД БИ…

Цаашид би олон зүйлийг тэвчихгүй. Ихэмсэг эсвэл их зантай болчихсондоо биш, зүгээр л би амьдралынхаа нэгэн онцгой үе дээр ирээд байна. Тодруулбал, сэтгэлд минь хүрдэггүй эсвэл сэтгэлийг минь зовоодог зүйлсд хайран цагаа дэмий үрмээргүй санагдах болсон тийм үе дээрээ… Цаашид би эрээ цээргүй байдал, хэрээс хэтэрсэн шүүмжлэл, мөн хатуу шаардлага зэргийг огт тэвчихгүй. Надад дургүй хүмүүсийн таашаалд нийцэх, намайг гэх сэтгэлгүй хүмүүсийг энэрч хайрлах, өөдөөс минь хариу мишээхгүй хүмүүс рүү инээмсэглэн харах хүсэл надад алга. Намайг хууран мэхэлж, манипуляци хийдэг нөхдөд ганц ч хором зарцуулж байхгүй. Мөн хоёр нүүртэн, хуурамч дүр эсгэгчид, хий хоосон магтаал урсгагчдын дунд цагаа өнгөрүүлэхийг хүсэхгүй. Цаашид би хагас дутуу боловсролтой нөхөд, их зантай эрдэмтдийн аль алиныг нь тэвчихгүй. Цаашид би элдвийн хов жив, цуу ярианаас холхон явахыг хүснэ… Орчлон хорвоо эсрэг тэсрэгээс бүтдэг, амьдрал олон талтай гэдэгт би хувьдаа итгэдэг. Тийм ч учраас орчиндоо зохицох чадваргүй, яхир хөшүүн зантай хүмүүсээс зайлсхийхийг хичээдэг. Мөн үерхэлдээ үнэнч байдаггүй, урваж шаравдаг хүнд би голоосоо дургүй. Магтаалын үгийг сэтгэлээсээ хэлдэггүй, бусдыг урмаар тэтгэж чаддаггүй хүмүүстэй би хамт байж чадахгүй… ан амьтанд дургүй хүмүүстэй ч тэр. Хоосон сүржигнэл хийгээд хэтрүүлэг надад яршигтай санагддаг. Дээр нь нэмж хэлэхэд, цаашид би хүлцэн тэвчвэл үл зохих хэнийг ч болов тэвчихгүй…

Орчуулсан: Uka Ulziibat

SHARE