Н.Цэрэнбат Богд уулыг онилжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат саяхан хэвлэлийнхэнтэй нээлттэй ярилцлаа. Тэрээр цэвэрлэх байгууламж, шонхор агнах зөвшөөрөл, уул уурхайн нөхөн сэргээлт зэрэг өргөн хүрээнд бодлогоо тайлбарлав. Энэ дундаас анхаарал татсан нэг асуудал нь Богд Хан уултай холбоотой байв. Н.Цэрэнбат сайдын хэлснээр “Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан. Бидэн дээр ирж буй санал, гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашид энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана” хэмээв.

Тэрэр энэ албанд томилогдоод хагас жил хүрэхгүй хугацаанд ирж буй гомдол, саналын дийлэнх хувь нь Богд Хан уултай холбоотой гэснээс харахад энэ уул “моод”-ноос гараагүй байна. Бас гомдол гэхээс илүү санал нь давамгай гэж харж болно. Тодруулбал, Богд уулан дахь газрын зөвшөөрөл хүсч хандагсад олонтаа гэж ойлгогдож байна. Тиймээс ийм байдлыг Н.Цэрэнбат сайд ашиглахаар шийдсэн бололтой. Богд уулыг аялал жуулчлал хөгжүүлнэ ээ л гэж байна. Энэ яаманд ирсэн хүн бүр ингэж эхэлдэг. Ээлж нь ирээд албаа өгөхөд буусан сайдын халаас дүүрэн, Богд уулын эзэн нэмэгдсээр л төгсдөг.

Уг нь Богд уулыг хэн бүр хүссэн зоргоороо “хөгжүүлчихдэг” хайрхан биш юм. Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд XIII зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын хар шугуйд нутаглаж байхдаа Хан ууландп ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байсан тухай түүхийн хуудаст тэмдэглэжээ. Богд уулын шүтлэг бишрэл үргэлжилж Манжийн хаар Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харъяа түшмэд Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрх Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан ууланд өргөснөөр Богд Хан уул гэх болсон гэдэг. Тиймээс Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй тухай түүхийн сурвалжид онцолжээ. Түүнчлэн Тэнгэрийг тэтгэгч хааны зарлиг гарсны дараа 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа, зун намарт тахидаг болжээ. Харин хувьсгалын жилүүдэд Хан уулын тахилга тасалдсан байсан ч Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор буюу 1995 онд  Цэцээ гүн оргилыг тайж, тухайн ондоо Богд Хан уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлигийг Ерөнхийлөгч П.Очирбат гаргажээ. Ингээд Богд Хан уулыг 2004 оноос эхлэн Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уулын нэг болгож, таван жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон түүхтэй. Богд Хан уул нэг ёсондоо нэг сая хол давсан улаанбаатарчуудын цайныхаа дээжийг барьдаг, хувь заяагаа даатгадаг гол шүтээн. Өглөө бүр ээжүүд цай сүүнийхээ дээжийг энэ уул руу сүслэн өргөдөг. Эдүгээ архив бичигт тэмдэглэгдэж үлдсэнээр хуучин “15-ны” цагдаа нар Богд уулыг хамгаалахын тулд Туул голоос цааш хүн зүглүүлдэггүй. Нийслэл хүрээнд ирсэн хүн Туулын хөвөөнд морио идүүлэхийг хүртэл хориглодог байсан тухай Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад ярьж байна.

Үүнээс үзэхэд Богд ууланд газар олгож хэн нэгэнд эзэмшүүлмээргүй байлтай. Гэвч гарын үсэг зурж, зурж тамга дарах эрхтэй хүн болгон энэ уул руу шүлсээ савируулсаар Богд уулын ам бүр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн халаасанд орчихоод байгаа. Тэд анх аялал жуулчлал гэсэн нэрээр газар авдаг. Авсан даруйдаа зориулалтыг нь өөрчлөн хаус хороолол босгож худалдаалдаг хар зах болгочихсон. Ганц тоо хэлэхэд, Богд ууланд 2000-2003 онд 46, 2004-2008 онд 217, 2009-2012 онд 192 газар олгожээ. Бусдын эзэмшил газар өргөжих тусам Богд уулын онгон дагшин байдал алдагдсаар байна. Байгаль, уул усаа хамгаалах яам нь эдүгээ Н.Цэрэнбатын толгойлсон яам. Гэвч тэрээр бас л өмнөх сайдуудын адилаар Богд уулыг аялал жуулчлал нэрээр худалдах болсноо ийнхүү зарлалаа.

Уг нь тэр өөрийн гэсэн бизнестэй амьдралд аль хэдийнэ хөлөө олчихсон залуу. Улс төрд шинэ салхи. Ирээдүйн улстөрчийн урт удаан амьдрал, ард түмний итгэл хандлага, бас дээр нь эр хүний хийморь лундаа аль алинаа бодсон ч энэ уулыг хамгаалалтанд аваад, хууль бус эзэмшигчдийг нь ил тод зарлаад цэвэрлэж эхэлмээр санагдаад байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE