Гадаад руу нисч төсөв үрж байхаар хороод руугаа жирий гэж төлөөлөгчдөө үүрэгд , С.Амарсайхан дарга аа?!

Төрийн мөнгийг гамна, төсвийн хөрөнгийг гамна гэж Ерөнхий сайдаасаа эхлээд шат шатандаа “үглэцгээж” байгаа.

Энэ үг төсөв барьдаг зарим хүний чихний хажуугаар өнгөрдөг бололтой юм.

Тэдний нэгээр НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэрлэе. Тэгэх шалтгаан байна.

Учир юу гэвэл НИТХ-ын төлөөлөгчид гэж байнга л гадаадад томилолтоор ажиллах нэргийдлээр ийш тийш ниссэн хүмүүс байдаг бололтой.

НИТХ-ын дарга С.Амарсайхан сар бүр хэд хэдэн Гадаад албан томилолтооор ажиллах тухай тушаал гаргаж суудаг юм байна.

Ганцхан төлөөлөгчийн зардлыг тооцоход л ядарсан манай эдийн засагт ямар дарамт болох нь тодорхой. Ирэх, очих онгоцны тийз, очоод буух зочид буудлын төлбөр,  хоолны үнэ гээд л явж өгнө. Наад талын зайлшгүй зардал нь л энэ гээд бод.

НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны аравдугаар сарын 19, 20-нд 67, 98, 69 дүгээр тушаалаараа тус бүр гадаадад томилолтоор ажиллуулах шийдвэр гаргаж, зардлыг зөвшөөрсөн байна.

Мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын Нарийн бичгийн даргын А/65, 27-ны өдөр НИТХ-ын дарга С.Амарсайханы 75 дугаар тушаалаар гадаад томилолтын зардал гаргажээ.

Түүнчлэн НИТХ-ын Нарийн бичгийн дарга 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд А/67 тоот, НИТХ-ын дарга С.Амарсайхан 4-нд 80 дугаар, 20-ны өдөр 90, 91, 92, 94 гэсэн дөрвөн тушаал гаргаж НИТХ-ынхныгаа гадаад руу нисгэсэн байна.

2018 оноос хойш НИТХ-ын дарга болон төлөөлөгчид олон удаа гадаадын улсууд руу нисчээ.

Тухайлбал, нэгдүгээр сарын 12-нд гаргасан 2018 оны анхны буюу 01 тоот, 19-нд гаргасан 02 тоот тушаалуудаараа гадаад томилолтын зардал баталсан байгаа юм. Улмаар хоёрдугаар сарын 9-ний өдөр 05, 06, 07 дугаар бүхий тушаалуудыг бас л гадаадад томилолтооор ажиллуулах тухай, үүнд гарах зардлыг зөвшөөрч гаргасан байна.

Энэ мэтээр НИТХ-ынхан байнга гадаад руу нисч очиж ажилладаг гэж ойлгож болохоор байна. Онцгой тохиолдол биш л бол иймэрхүү зардлыг танах хэрэгтэй гэдгийг Засгийн газар ч, жирийн ард иргэд ч хэлээд зөвлөөд байгааг НИТХ-ын дарга, ноён С.Амарсайханд сануулъя.

Гадаад руу нисэхгүй л бол НИТХ ажиллаж чадахгүйд хүрчихнэ гэж ойлгохгүй байна. Гадаад руу төсвийн мөнгө үрээд нисч байхын оронд хороо, дүүрэг рүүгээ жирий гэж Төлөөлөгчиддөө тушаа гэдгийг хэлье.

Тэгээд ч ингэж ийш тийш нисээд байгаа мөнгө хэнийх вэ гэдгийг мартах хэрэггүй. Тэр хөрөнгө бол төсвийн буюу ард түмний өгсөн татварынх гэдгийг сана!

Эх сурвалж: www.news1.mn

SHARE