“Моодун хаан” компани шилдэг ажилтнаа хоёр өрөө байраар шагнажээ

Ажлын газраасаа байраар шагнуулан нулимс дуслуулж буй бүсгүйн зураг олон нийтийн сүлжээнд идэвхтэй тархаж олон хүний магтаалыг хүртсээр байнa.

“Моодун хаан” компани шилдэг ажилтнаа ийн шагнажээ. Тодруулбал, тус компанийн шилдэг ажилтан н.Уранчимэг өчигдөр 47 ам метр талбайтай хоёр өрөө байрны түлхүүр гардсан байна. Тус байр нь “Грийн ресурс констракшн” компанийн Хөх сувд хорооллынх аж. “Моодун хаан” компани “Хөх сувд” хорооллоос дээрх байрыг худалдаж авсан даруйдаа н.Уранчимэгт бэлэглэжээ.

Хоёр өрөө битгий хэл нэг өрөө байртай болохын тулд насаараа зээл төлдөг өнөөгийн нийгэмд ямар ч өр төлөөсгүй, ажлынхаа үр шимээр байртай болно гэдэг хүн бүрийн санаанд оромгүй явдал. Нэг гэр бүлийн мөрөөдлийг бодит болгож үнэлж баршгүй хөрөнгө оруулсан “Моодун хаан” компанид талархал илэрхийлсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд одоо ч хөвөрсөөр байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сайн үйл бүтээсэн компани олон төрөх болтугай.

Б.ЭНХЖАВ

SHARE