С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарла

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдогчдын дуулиан шуугиан одоо ч тасраагүй байна. Шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн олон нийтэд хандаж хэргийн шийдвэрлэлт хууль бус байсан тухай хэвлэлийн бага хурал зарлав. Түүнчлэн прокурорын байгууллагаас тус хэргийн мөрдөн байцаалт, түүний эргэн тойронд болсон үйл явдлыг харуулсан нэвтрүүлэг бэлтгэж МҮОНТВ-ээр цацав. Бас томоохон хэвлэлд Ерөнхий прокурорын орлогч Д.Эрдэнэбат ярилцлага өглөө. Товчхондоо энэ хэргийн мөрдөн байцаалтад хууль хяналтынхан хэрхэн “зөв” ажиллаж байгааг харуулахыг зорьсон хэрэг. Гэвч олон нийтийн сэтгэл амрахгүй байна.

Нэвтрүүлэгт онцолсноор гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нар хэргийг хэрхэн үйлдсэнээ өөрсдийнхөө дуу хоолойгоор үйл хөдлөлтэй тайлбарлаж баталсан байх юм. Үүнийг харсан хэнбугай нь ч “Өө эд нар чинь С.Зоригийг хөнөөчихсөн байна шүү дээ” гэж уулга алдмаар. Гэвч энд нэг л зүйл буруу яваад байна.

С.Зоригийг хөнөөсөн хэрэг улс төрийн захиалгат аллага гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Тэгвэл захиалагч хаачив. Хуулийнхан захиалагчийн хэргийг тусгайлан шалгаж байгаа гэсээр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Харин энэ хооронд гүйцэтгэсэн гэх гурван хүн бүхэл бүтэн гурван шатны шүүхээр шүүлгэж, ялын дээд хэмжээ авч 20 жилийг торны цаана өнгөрөөхөөр болчихлоо. Угтаа гүйцэтгэгч, захиалагч хамтдаа олдож байж шүүх ажиллагаа явах ёстойг захын хуульчаас аваад Хууль зүйн сайд хүртэл хэлээд байгаа. Энгийн логикоор бодсон ч хэргийг хэн захиалж, гүйцэтгэсэн хүмүүс хэрхэн оролцсоноос шалтгаалж харилцан адилгүй ял авах ёстой. Гэтэл хамгийн гол хэргийн эзэн захиалагч тодрохгүйгээр гүйцэтгэгчид гурван шатны шүүхээр орчихлоо. Үүнд л ард түмэн бухимдаж, “Энэ хэргийн шийдвэрлэлт худлаа болчихлоо” гэцгээж байна. Нэгэнт Б.Содномдаржаа нар хэргийг хэрхэн үйлдсэнээ ил тод хэлчихсэнээс хойш захиалагчаа ч хэлсэн байх нь ойлгомжгүй. Захиалагчийг хамгаалж байна гээд хөгшин ээж, хань ижил, үр хүүхдээ золиослох хатуу сэтгэл ямар ч яргачинд үгүй баймаар. Ямар адал явдалт америк кино биш. Энэ бол Монгол. Гэтэл өнөөг хүртэл захиалагчийн талаар хуулийнхан зарлахгүй байгаа нь хардлага төрүүлж байна.

Ерөнхий прокурорын орлогч Д.Эрдэнэбатын ярилцлагад “С.Зориг агсны хэргийг цааш явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байгааг хэлчихье” гэжээ. Орлогч прокцурорын тайлбараар бол захиалагчийн сэжим аль хэдийнэ гарсан. Нэгэнт гүйцэтгэсэн хүмүүсийг ил тод болгосноос хойш захиалагчийг ч зарла. Хэрэгт холбогдсон этгээдүүд эрх тэгш хариуцлагаа үүрэх ёстой. Нэг хэсгийг нь яллаж, нөгөө хэсгийг нь хөшигний ард нууж олон нийтийн сэтгэл зүйгээр тоглох эрх хуулийнханд байхгүй.

Тэд ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөсөн албан хаагчид. Уран бүтээлчид биш. Тиймээс захиалагчгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүнийгээ зөвтгөх гэсэн захиалгат нэвтрүүлэг бэлтгэж, тархи угаах оролдлого олон нийтэд таалагдахгүй байна. Одоо С.Зоригийг хөнөөхийг захиалсан хүнийг зарлах хугацаа хэдийнэ болсон. Монголын ард түмэн үүнийг л хүлээж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

 

SHARE