Ш.Раднээсэд, Д.Цогтбаатар хоёр 23 дугаар тогтоолыг хамгаалж чадах уу?

Нэр бүхий дөрвөн иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. Тэд “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж үзжээ.
Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолд “…
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ““Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
3.“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
4.Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай” гэсэн байдаг юм.
Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өгсөн амлалтаа биелүүлж энэ тогтоолыг гаргасан гэсэн үг.
Харин энэхүү 49 хувьтай холбоотой асуудал өнгөрсөн 2017 оны сүүлчээс эхлэн болж үйл явцаас харахад шүүхийн шийдвэр худалдан авсан талд гарах магадлал өндөрсөөд байгаа.
Тиймээс энэ сарын 28-нд болох Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүсээд байна гэсэн үг. Энэ хуралдаанд хариуцагч УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар томилогджээ. Тэд 23 дугаар тогтоолоо хамгаалж чадах уу гэдэг эргэлзээтэй болоод байна.
Эх сурвалж: www.news1.mn

SHARE