Санхүүгийн тус авна, өгнө

Манай улсад биеэ үнэлэлтийн далд хэлбэр хүрээгээ тэлсээр байгааг хууль хяналтынхан сэрэмжлүүлдэг. Шөнийн цэнгээний газар, зочид буудал, гулгаа массажны газрууд биеэ үнэлэлтийг цэцэглүүлж байгаа гэлцдэг.

Тэгвэл өөр нэгэн талбар хэдийнэ бий болжээ. Фэйсбүүк орчинд “Санхүүгийн тус авна, өгнө” гэсэн утга бүхий хаягтай хаалттай групп хамгийн идэвхтэй байна. Хэдэн арван хаяг тус бүрдээ олон мянган гишүүнтэй. Ийм группэд бүсгүйчүүд нүцгэн зургаа оруулахаас эхлээд бичлэг хүртэл хийдэг аж. Залуус түүнийг нь үзэхийн тулд дансаар нь мөнгө шилжүүлдэг гэнэ.

Энэ төрлийн группэд зөвхөн ганц бие хүмүүс бус, гэр бүлтэй хүмүүс ч гишүүн байгаагаас олон гэр бүлийн дунд маргаан үүсч байгаа тухай мэдээлэл цахим орчинд байна. Биеэ үнэлэлтийг уриалсан эл явдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч “Ямар нэгэн хохирол байхгүй тохиолдолд хянах эрхгүй” гэсэн хариулт авч гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй тухай сэтгэгдлүүд олон байна.

Судалгаагаар интернетэд нэг минут тутамд садар самуун утгатай 500 зураг оруулдаг бол нэг өдөрт энэ төрлийн 1.8 тэрбум зургийг татаж авч, бусдад түгээдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Интернетийн аюулгүй байдал хүн төрөлхтний өмнө аюулын харанга дэлдэж буй. Манай улсын хувьд ч энэ асуудал аль хэдийнэ хаалга тогшсон. Тэр тусмаа биеэ үнэлэлтийг илт уриалсан энэ төрлийн үйл ажиллагаа цахим орчинд цэцэглэсээр байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг хууль хяналтынхан анхааралдаа авч шийдвэрлэх цаг болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE