Aрдын нам Г.Алтангаас авсан сая долларын өрөө төлсөн үү?

МАН-ынхан “Алтжин” группийн захирал Г.Алтангаас 2012 онд 1.0 сая ам.доллар зээлсэн байдаг. Тодруулбал, 2012 оны Орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу арваннэг­дүгээр сарын 6-ны өдрөөр огноолсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээ байна.

Зээлийн гэрээний эхэнд “…Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Нотовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай  1 000 000 /нэг сая/ ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир,  иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.

Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгажээ. Энэ нь Ардын нам Г.Алтанд сар бүр 29 000 /хорин есөн мянга/ ам.долларын хүү төлдөг гэсэн үг. Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьжээ.

Түүнээс хойш зургаан жил өнгөрөв. Харин Ардын нам Г.Алтанд 1 000 000 /нэг сая/ ам.доллараа өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

МАН өрөө өгөөгүй байх магадал өндөр. Учир нь байсгээд л Төрийн банкны хувьчлалын асуудал сөхөгдөхөд авах эзнээр нь Г.Алтан хатагтай тодордог. Г.Алтан Төрийн банкинд  давуу эрхтэй байх шалтгаан бий л дээ. Тэр нь “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нийлүүлэх үеийн асуудалтай холбоотой юм.

Гэхдээ сар бүр 29 мянган ам.доллар, зургаан жилийн турш 2 088 000 /хоёр сая наян найман найман мянга/ ам.долларын  хүү төлөх ёстой МАН-ын хувьд Г.Алтанд давуу эрх олгох замаар өрөө цайруулах аргыг ч бодож мэднэ. Дээрээс нь үндсэн зээлийн 1.0 сая ам.доллар төлөх учиртай. Нийлээд 3 088 000 ам.доллар болно.

Гэхдээ хамгийн гол нь шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх гэтэл Г.Алтан гэдэг барьцаалагч гарч ирээд хааш нь ч хөдөлгөхгүй хэдэн жил болоод байсан юм. Өөрөөр хэлбэл, МАН Зээлийн гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг иргэн Г.Алтангаас зээлсэн баримтыг Төр өмчөө баталгаажуулан бүртгэх явцдаа олж тогтоосон хэрэг. Харин ТӨХ-ны зүгээс, төрийн өмч, онцгой объект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа МАН-д хандан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөхийг шаардлага хүргүүлсэн байдаг. Харин Г.Алтан МАН-д олгосон нэг сая ам.долларын зээлийн барьцаагаа өөрчлүүлэх хүсэлтийг Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд гаргасан. Ингэхдээ тэрээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлээрээ дамжуулан “…Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /Үлэг гүрвэлийн музей/-г барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барьцаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү. Өөрөөр хэлбэл, өмчлөх барьцааг чөлөөлөх тохиолдолд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалан МАН-ын байрлаж буй Тусгаар тогтнолын ордны байраар барьцааг солих шийдвэр гаргана уу. Шаардлага хангасан Г.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл” гэсэн байдаг юм.

Энэ талаар Г.Алтан 2015 онд “…Хоёр жилийн өмнөөс энэ асуудлаар явж байна. Хохирсон хүн мэдээж шүүхэд хандах нь тодорхой шүү дээ. Барьцаа өөрчлөх нэхэмжлэл бол дараачийн асуудал нь. Нэхэмжлэл гаргасан байгаа.

Хуулийн зохих шатанд нь энэ асуудлыг тавьсан. Үүнийг шийддэг газар нь шийдэххэрэг. Миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй учраас би хуулийн байгууллагад хандсан. Та нар ч хэвлэлээр гараад буй мэдээллийг харсан байх. Хэн нь хууль зөрчсөн гэдгийг хуульчид хараад мэдэж байгаа биз.

МАН-ын дарга М.Энхболд энэ талаар шүүхэд тайлбар гаргасан байдаг юм байна. Түүндээ “МАН болон иргэн Г.Алтан нар Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Учир нь МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон. Бид барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй, Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу төрд шилжүүлэх нь зүйтэй” гэсэн байгаа юм” гэж байв.Мөн энэ талаар тухайн үеийн МАН-ын генсек Ж.Мөнхбат тодорхой хариулт өглөө. Тэрээр “МАН-ын байртай холбоотой ямар нэгэн шүүхийн маргаан үүсээгүй. Ямар нэгэн байдлаар Алтан гэх нэртэй нэг ч хүн МАН-тай хууль шүүхийн маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Мөн МАН үлэг гүрвэлийн музейн байрыг эзэмшдэг байхдаа ямар нэгэн байдлаар банкны барьцаанд тавьж, барьцаалсан зүйл огт байхгүй. Одоо тэр байр нь манай эзэмшлийнх биш” гэсэн байдаг юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE