Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр Ө.Ганзориг сонгогдлоо

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 2015-2017 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхоны бүрэн эрхийн хугацаа дуусч, олонхийн саналаар голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг сонгогджээ.

Монголын банкны холбооны дүрмийн дагуу ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг ба дахин нэг жилийн хугацаагаар сонгож болдог байна. Уг журмын дагуу ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон нь 2015-2017 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ.

Тус холбоо нь 2000 онд байгуулагдсан ба арилжааны 14 банкнаас гадна Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сан зэрэг 24 гишүүнтэй байна. Тэд гишүүн байгууллагуудын тулгамдсан асуудлыг төрийн байгууллагад уламжилж, эрх ашгийг нь хамгаалах зорилготой.

Ө.Ганзоригийн хувьд санхүү нягтлан бодогч мэргэжилтэй. Тэрээр Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгийн захын бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зах зээлийн холбооны үүсгэн байгуулагч ерөнхийлөгч, Бизнесийн зөвлөл (BCM)-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажлуудыг тус тус гүйцэтгэж байжээ.

SHARE