Гэгээн Валентин болсон минь

Би жүжигчин биш. Гэгээн Валентины дүрд тоглосон гэж битгий бодоорой. Гэхдээ л нэг удаа тэр хар лам Валентин болчихсон л юм даа. Ингэсэн юм.

Нэг сэрсэн чинь харанхуй хонгилд байна аа. Толгой хагарах нь. Дотор гэж авах юмгүй. Өмссөн зүүсэн минь ч хачнаас хачин. Хаанаас олсон юм гэмээр юүдэнтэй хар нөмрөг. Өчигдөр хаана, юу боллоо гэдгээ санах гэж хичнээн хичээгээд нэмэргүй, бодоод бодоод бодын шийр дөрөв.

Тэгтэл хаалга чихран онгойлоо. Шар үстэй, лагс биетэй нэг эр орж ирээд ийш тийш харснаа чихэнд, “Валентин лам аа, таныг эргэхээр Юлия ирлээ” гэж шивнэдэг юм байна. Би ч бүр алмайрч гүйцэв.

Тэгтэл нэг эмэгтэй ороод ирлээ. Өнөөх Юлия гэдгийг гадарлав. Бие хаа дажгүй ч нүд нь солир, дээр нь үүдэн хоёр шүдгүй аж. Тэр надад аягатай нэг юм барилаа. Амслаа. Дарс байна шүү. Нэг амьсгаагаар шууд хөнтрөв. Дотор халуу оргиод гайгүй болох шинжтэй.

Юлия, “Өнөөдөр чамайг цаазлах гэнэ. Гэхдээ надтай гэрлэхийг зөвшөөрвөл аав амийг чинь өршөөнө гэлээ. Монголын хүчирхэг эзэнт гүрнээс ирсэн хар лам Валентин чиний энд үйлдсэн бүх хэргийн ялыг хэлтрүүлж, ураг барилдахыг хүсч буйгаа аав минь дамжууллаа” гэдэг юм байна. Би шууд зогтусав. Хэн бэ, хэдэн он бэ гээд л.

Төдөлгүй ухаан балартаад, нүд харанхуйлаад явчихлаа. Гэнэт Юлия мөрөн дээр зөөлөн хүрэв. Би шууд л, “Чамтай гэрлэхгүй ээ. Тэгснээс цаазлуулж мөнх тэнгэртээ залрах минь” гэж хашгичив. Хариуд, “Юу гээд солиороод байгаа юм. Бантан хөрлөө тэнэг ээ” гэдэг юм байна. Нүдээ нээтэл эхнэр минь. Санаа амарсан гэж.

Бантангаа идээд эхнэртээ зүүдээ яриад баахан инээлдэж билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE