Дэлхийн баян компаниудын жагсаалтыг “Apple” тэргүүлжээ

 

 

“Reuters” агентлаг дэлхийн хамгийн баян компаниудыг нийт хувьцааных нь үнийн дүнгээр ийн жагсаажээ.

1.”Apple”-904,61 тэрбум ам.доллар

Салбар: Электроник, мэдээллийн технологи.

1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд Стив Возняцки, Роналд Вэйн, Стив Жобс нарын үүсгэн байгуулсан ”Apple” компани ширээний компьютер үйлдвэрлэж эхэлсэн ч арав гаруй жилийн өмнөөс “iPhone” ухаалаг гар утас, “iPad” планшетийг дэлхийд танилцуулснаар орлого нь эрс нэмэгджээ.

Өдгөө тус компани ухаалаг цаг, компьютер, ноутбук, планшет, гар утас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий даяар нэрийн дэлгүүр, үйлчилгээний цэгүүдтэй, 116 мянган ажилтантай ажээ.

2.”Alphabet”-782,68 тэрбум ам.доллар

Салбар: Интернет.

Дэлхий даяар алдартай интернетийн сүлжээний “Google” компани албан ёсны нэрээ ”Alphabet” гэж өөрчлөөд удаагүй байгаа билээ. Сергей Брин, Ларри Пейж нарын 1998 онд үүсгэн байгуулсан интернетийн сүлжээний тус мега компани өдгөө“Google”-ээс гадна “AdWords”, “Android”, “YouTube” зэрэг 30 гаруй охин компанийг нэгтгэдэг ажээ.

3.”Microsoft”-681,58 тэрбум ам.доллар

Салбар: Програм хангамж.

Энэ цагийн дэлхийн толгой баячуудын нэг Билл Гейтсийн 1975 онд үүсгэн байгуулсан алдарт ”Microsoft” компани ширээний компьютеруудад зориулан “Windows” хэмээх энгийн хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар програм хангамжийг анх түрүүнд боловсруулснаар тэнгэрийн умдагийг атган асар их орлого олох болжээ.

4.”Amazon”-628,78 тэрбум ам.доллар

Салбар: Жижиглэнгийн худалдаа.

Джефос Безосын үүсгэн байгуулсан “Amazon” компани АНУ-д анх удаа интернетээр төрөл бүрийн барааг санал болгон, худалдаж эхэлжээ. Өдгөө тус компанид 230 мянган хүн ажилладаг бөгөөд жилийн худалдааны эргэлт нь 80 тэрбум ам.долларт хүрсэн байна.

5.”Berkshire Hathaway”-518,55 тэрбум ам.доллар

Салбар: Даатгал, санхүү, төмөр замын тээвэр, хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл.

Энэ цагийн шилдэг санхүүчдийн нэг Воррен Баффетын удирддаг тус компанийн нэгж хувьцааны үнэ дэлхийд хамгийн өндөр бөгөөд 315.5 мянган ам.долларт хүрдэг ажээ.”Berkshire Hathaway” компанийн хувьцаа эзэмшигчдийн жил бүрийн хуралд 40 мянга гаруй хүн чуулдаг тул “Хөрөнгөтнүүдийн концерт” гэсэн хошигносон нэр авчээ.

6.”Facebook”-518,37 тэрбум ам.доллар

Салбар: Интернет.

Марк Цукербергийн 2004 онд боловсруулсан интернет дахь “Facebook” нийгмийн сүлжээнд өдөр бүр 1.9 тэрбум хүн ордог ажээ. Өдгөө тус сүлжээ жил бүр зөвхөн зар сурталчилгаанаас найман тэрбум ам.долларын цэвэр ашиг олдог ба сүүлийн ганцхан жилийн дотор орлого нь даруй 54 хувиар нэмэгдсэн байна.

7.”Johnson & Johnson”-394,54 тэрбум ам.доллар

Салбар: Эм, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл.

Ах дүү гурван Жонсоны 1886 онд үүсгэн байгуулсан “Johnson & Johnson” компани эхэндээ шарх боох, цэвэрлэх материал үйлдвэрлэдэг байжээ. Харин өдгөө эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 60 гаруй оронд 250 охин компанитай, 175 оронд бүтээгдэхүүн худалддаг үндэстэн дамнасан аварга том корпорац болсон ажээ.

8.”JPMorgan Chase”-389,55 тэрбум ам.доллар

Салбар: Банкны үйлчилгээ.

“JPMorgan Chase” нь активын хэмжээгээрээ АНУ-ын тэргүүлэгч, дэлхийн тав дахь том арилжааны банк юм.

9.”Exxon Mobil”-368,5 тэрбум ам.доллар

Салбар: Газрын тосны олборлолт, боловсруулалт.

Дэлхийн анхны долларын тэрбумтан Жон Рокфеллерийн үүсгэн байгуулсан “Standard Oil” компанийн суурин дээр бий болсон үндэстэн дамнасан тус корпорац газрын тосны олборлолт, боловсруулалтаар тэргүүлдэг билээ.

10.”General Electric”-157,92 тэрбум ам.доллар

Салбар: Электроник, эрчим хүч, эмнэлэг, машины тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний техник хэрэгслийн үйлдвэрлэл.

Нэрт зохион бүтээгч Томас Эдисоны 1878 онд санаачлан байгуулсан тус компани чийдэн үйлдвэрлэлээр дагнадаг байсан бол бүх дэлхийг цахилгаанжуулах зорилгоо хэрэгжүүлсээр өдгөө онгоцны хөдөлгүүрээс эхсүүлээд гар чийдэн үйрдвэрлэж байна. Тус компанид 300 гаруй мянган хүн ажилладаг ба жилийн цэвэр ашиг нь 13 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE