ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эрэн сурвалжлуулж байна

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны нэгдүгээр сарын 25-нд ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргасан байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тус шүүхэд гаргажээ.

Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурлаар, 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр С1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийнх нь талаар илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, нэр төрийг сэргээлгэх нэхэмжлэлийг Н.Алтанхуяг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргажээ. Харин тус шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хариуцагч Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан учир тэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлгээр “…Ц.Нямдорж нь Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарын бүлэглэлтэй. Энэ бүлэглэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг захирдаг бөгөөд Эрдэнэтийн захирлыг “Хаан жимс” дээр дуудаж энэ гэрээг үргэлжлүүл гэж шахаж дарамталсан гэх мэтээр Н.Алтанхуягийн нэр төрд халдаж, доромжилсон” гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд тайлбар гаргажээ.

Ийм учраас Хан-Уул дүүргийн шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE