“Саалийн ганц үнээ” маань бөгс, цээжээрээ хуваагдаад хүний мэдэлд оччих шиг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засгийн тулгуур байж, ядарсан цагт сэлбэлт хийдэг санхүүгийн донорын үүрэг гүйцэтгэж ирсэн. Дахиад 30, түүнээс ч олон жил ухулчих нөөцтэй гэж мэргэжлийнхэн хэлдэг.

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэс Орост байсан 49 хувийг Монголын тал худалдан авсан нь ил болсон. Тодруулбал, “Монголын зэс корпораци” ХХК уг 49 хувийг хууль бусаар авсан байна гэх асуудал босч ирсэн. Улмаар УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд буцаан авахаар амлалтаа биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Одоогоор олигтой үр дүн гараагүй, шүүхээр заргалдаж байна.

Хамгийн сүүлчийн мэдээллээр энэ сарын 9-нд “Монголын зэс корпораци” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа төрийн мөнгө ашигласан эсэхийг шүүхээр урьдчилан хэлэлцсэн байна. Шийдвэр гаргах хурал нь энэ сарын 22-нд товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн дүнд Монголын зэс корпораци” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа төрийн мөнгө ашиглаагүй болох нь нотлогдож эхэллээ гэдэг мэдээлэл цацагдсан. Харин “Монголын зэс корпораци” ХХК-иас олон нийтэд түгээж байгаа энэхүү мэдээлэл нь хэтрүүлэгтэй байна гэж шүүхийн эх сурвалж хэлжээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь тойрсон асуудал ингэж мунгинаж байтал 51 хувьтай нь холбоотой маргаан бас гарч ирэв. Лондоны арбитрын шүүхээс 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газарт “Эрдэнэт үйлдвэр”-ээс Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 99 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр ирүүлжээ. Энэ асуудлыг Засгийн газар нууцаар хэлэлцсэн. Гэхдээ хэрхэн шийдэх нь одоогоор тодорхой бус байгаа. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьж, энэ өрийг үүсгэсэн буруутан бидэнд хэрэгтэй болов.

Тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг, тэгээд дампуураад явсан “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нар нэрлэгдэж байна.

Д.Сугар нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэмээх төрийн хамгаалалтад байгаа бол бусад нь гадаадад амьдарч, морь уясан шиг яваа. Эхнээсээ “..Би хамаагүй” гэдэг тайлбараа хийгээд эхэлж байх шиг байна.

Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувиар барьцаалсан 99 сая ам.долларын өр монголчуудын нуруун дээр ирж байгаа нь тодорхой байна. Төлөхгүй бол яах нь тодорхой гэсэн үг. Тэгэхээр төрийн мөнгөөр төлөх үү гэдэг асуудал гарч ирнэ.

Юутай ч яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын “саалийн ганц үнээ”-ний маань 49 хувь “Монголын зэс корпораци” ХХК-д, 51  хувь нь Өмнөд Африкийн “Стандарт” банкны мэдэлд байгаа нь үнэн юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE