Ц.Даваасүрэн: Монголбанк зөвлөмжийг огт биелүүлээгүй

 УИХ-ын өчигдрийн чуулганаар зургаан асуудал хэлэлцсэний нэг нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байв. Энэ хуулийг 2006 онд баталсан бөгөөд түүнээс хойш хэд, хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орж байсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулгын үеэр хэлнэ лээ. Хамгийн сүүлд 2016 онд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх “ФАТФ” олон улсын байгууллагаас манай улсыг энэ төрлийн нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаагаа идэвхжүүлж, хууль эрх зүйн орчноо сайжруулах үүрэг бүхий 40 зөвлөмжийг өгсөн юм. ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хар, саарал жагсаалтад ордог эрсдэлтэй, үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх, хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсдэг гэж байна. Хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр гишүүд Монголбанкинд хаяглаж багагүй шүүмжлэлийг өрнүүлээд авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Олон улсын байгууллага яагаад манайхыг хар жагсаалтад оруулах талаар яриад байна вэ гэхээр Монголбанкинд жил бүр мөнгө угаахтай холбоотой аудитыг олон улсын байгууллага хийдэг. Гэтэл Монголбанк өгсөн зөвлөмжийг биелүүлдэггүй. Өнгөрсөн жил УИХ-аас томилж ажилласан ажлын хэсэг үйл ажиллагаатай танилцах явцад энэ талаар мэдсэн. Олон улсын байгууллагаас маш их гомдол гаргасан байсан. Монголбанк зөвлөмжийг биелүүлэхгүй байна гэж. Энэ нь явсаар явсаар банкаар зогсохгүй Монгол Улсын нэр хүндтэй холбоотой болж эхэллээ” гэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE