Сүмийн газрын дээрэмчин

Ийм үг хэрэглэлээ гээд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар сүрдүүлж магадгүй. Учир нь энэ мэдээллийн маань баатар УИХ-ын гишүүн, бас сайд хүн байгаа юм.

Гэвч ингэж хэлэхээс өөр арга алга. Яагаад гэвэл эрхэм гишүүн, сайд маань хуулийг гууль болгон уландаа гишгэсэн хэрэг.

Олон зүйл нуршилгүй хэлэхэд, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын Батзориг гэдэг хүн Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд барилга байшин барьсан байна.

Б.Батзориг өмнө нь Кёкүшюзан хөгжил сангийн захирлаар ажилладаг байв. Сангийн байр нь Чойжин ламын сүм музейн зүүн хойд буланд байсан юм. Гэтэл тэрийгээ нурааж, оронд нь олон давхар оффисын браилга сүндэрлүүлэхдээ газраа тэлэхээ ч бас мартаагүй байна.

Б.Батзоригийн барилгын суурь тавигдахаас эхлээд Чойиж ламын сүм музейн ажилчид хүртэл эсэргүүцээд нэмэр тусыг олоогүй байгаа юм. Энэ маргаан олон жил шүүхээр явахад эцэст нь Б.Батзориг л ялчих гээд байдаг юм байна. Ялаад ч ирсэн байна. Гэхдээ энэ асуудал одоогоор бүрэн эцэслээгүй, шүүх дэнслээд лү явж байгаа ажээ.

Ер нь шүүхийн зарим шийдвэр яаж яваад Б.Батзоригийн талд гараад байдаг нь маш сонин. Уг нь Б.Батзориг тэнд байшин барилга барьж болохгүй ганц л шалтгаан бий. Тэр нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “…Түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг хориглоно” гэчихсэнтэй холбоотой.

Чойжин ламын сүмийнхэн ч гэж арчаагүй нөхдүүд. Өчнөөн зууны түүхтэй, Монгол төрийн нууцыг хүртэл хадгалдаг гэгдэж, 1930-аад оны их сүйтгэлд Х.Чойбалсангийн тушаалаар эсэн мэнд үлдсэн энэ сүмийг хуульд заасан бүсэд нь хамгаалаад аваад байж чадаагүй байгаа юм.

Уг нь хууль бол хууль л байх ёстой. Б.Батзориг гэдэг хүн УИХ-ын гишүүн байна уу, сайд байна уу, хуулийн өмнө бол хэн ч биш. Бусдын л адил хууль дагах ёстой энэ улсын иргэн. Бас Б.Батзоригийн намтар түүхийг харвал яагаад ч ингэхээр хүн бас харагдахгүй байгаа юм. Тэрээр 1983 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч, 1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч, 2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөгжиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бодлого зохицуулалтын асуудал, 2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант тус тус дүүргэжээ. Энэ хүн 1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер, 1992-1999 онд Зэвэг хоршооны дарга, 1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. 2011 онд Алтан гадас одон, Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан, Хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан, Баянзүрх дүүргийн хүндэт тэмдэг хүртээ байв. Мөн тэрээр орос, чех хэлтэй.

Ийм хэмжээний хүн, дээрээс нь хууль баталдаг, тогтоодог байгууллагад сонгогдон ажиллаж байгаа атлаа хуулийн дээгүүр гишгэлээд байдаг Б.Батзоригийн логикийг ойлгоход бэрх байгаа юм. Тийм учраас эрхэм гишүүний сэнтийд заларчихаад хууль зөрчиж байгаа нь нэг үгээр дээрэм юм.

Ер нь тэгээд Тусгаар Монгол Улс түүхээ, төрөө авч авч үлдэхийн тулд нэг сайдын, нэг гишүүний хөрөнгө гэж долдойдох шаардлага байхгүй.

Энэ янзаараа хэдхэн жилийн дараа Чойжин ламын сүмийг нураах уу, Б.Батзоригийн барилгыг нураах уу гэдгийг шүүх шийдэх л болно. Учир нь бид эрх зүйт төртэй Монгол Улсад амьдарч буй билээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE