Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол…

Ерөнхий сайд байх ямар байдгийг мэдэхгүй юм. Харин ямар байх ёстойг мэдээд байна. Учир нь би Ерөнхий сайд Хүрэлсүхийг ийм бодлого хэрэгжүүлж, тийм ажил хийгээсэй гэж хүсдэг Монгол Улсын иргэн байгаа юм.

Тиймээс санаагаа товчхон хэлье гэж бодов.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Хэнтийгээс “бандааш” Гантулгын нэрийг татуулаад оронд нь өөрөө нэр дэвшээд УИХ-ын гишүүн болох байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Засгийн газрын гишүүддээ “зуух, яндан” гэдэг үг хэлэхийг хориглож, тэрийгээ цахим сүлжээгээр биш өрөөндөө дуудаж, гараа зангидаж байгаад анхааруулах байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг өгүүлэлгүй, тэр мөнгөөр Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Эрдэнэтийн асуудлаар гарсан Засгийн газрын шийдвэрийг эхлээд олон нийтэд биш, “сахал” Эрдэнэбилэгийг дуудаж авчраад танилцуулах байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол 100 хоноход мөрийн хөтөлбөр ч үгүй суулгаж байгаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараа олигтойхон ажиллахыг үүрэг болгож, болохгүй бол хөөж явуулаад оронд нь “овоо гар”-ыг тавих байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол шатахуун импортлогчдын шантаажинд “шанаа”өгч, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад, энэ бизнесийг Монголоо бодож хийх хүмүүст нь шилжүүлж, шантааж байсан нь нотлогдвол шоронд хийх байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол айл ороогүй 30 000 орон сууцыг авъя гэсэнд нь зээлээр өгөөд, Улаанбаатарын утааг бүрдүүлдэг янданг 30 000-аар бууруулах шийдвэр гаргах байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Шадар сайд байхдаа “Төрийн наадамд эрлийз морь давхиулахгүй” гэдэг шигээ өвлийн морин уралдааныг зоригтой хориглох байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Солонгосоос авчирсан мөнгөө утаагүй зууханд бус дагуул хотын бүтээн байгуулалтад оруулах байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Тагнуулын даргын ажлаа өгсөн Б.Хурцыг Солонгост Элчингээр томилно гэсэн Засгийн газрын шийдвэрийг лав гаргуулахгүй байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол энд тэнд хэд гурваараа шивэр авир хийж уулзаад яваа намынхнаа дуудаж уулзаад, даварсан нэгэнд нь Гарьдхүүгийн Баярсайханд өгснийгөө жаахан хатууруулаад, 100 жилийн түүхтэй МАН-ынхаа гоёор хэлбэл эв нэгдлийг хангаж, муухайгаар хэлбэл нэг гарт зангидах байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол “…Засгийн газрыг минь унагачих вий” гэж айж суулгүй, тулаад ирсэн шийдвэрийг зоригтойхон гаргаад туулаад гарчих байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол “…Цалин нэмж чадахгүй ээ. Тийм боломж байхгүй” гэсэн шигээ “…Татвар нэмсэн хуулийг хүчинүй болгуулахаа амлая” гээд зоригтойхон дуугарах байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудыг халаад ч байгаа юм шиг, томилоод ч байгаа юм шиг, ер нь бол хулгайгаар хийгээд байгаа томилгоогоо ил тод,  “сүх”-дэж хийх байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол Тавантолгойн гэрээний алдааг засаад яаралтай эхлүүлж, амлаж байснаараа Оюутолгойн гэрээг “эргэж харах” байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол “…Төрийн ордны хананд зурагаа өлгүүлсэн Ерөнхий сайд болж үлдэхгүй”-н тулд “…Сугалсан сэлмээ хуйндаа хийлээ” гэж шүүмжлүүлэхгүйн төлөө зүтгэх байсан юм.

Хэрвээ би Хүрэлсүхийн оронд байсан бол өглөө болгон сэрэхдээ, үдэш бүр унтахдаа “…Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.   Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.   Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монголын ард түмний өмнө хэлж байснаа санаж байх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE