МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарыг огцруулах “аян” эхэллээ

Монголд төрийн албаны тогтвортой байдал нэгэнт алдагдсан. Онолоор бол мерит зарчим гэдэг гэж байгаа. Нам солигдоход дагаад төрийн албаны ажилтнууд бүхэлдээ “шинэчлэгддэг” болчихсон юм.

Харин сүүлийн үед нэг нам атлаа засгаа байн байн сольж, тэр хэрээр төрийн алба бужигнадаг болчихсон.

Гарын үсэг зурдаг албан тушаалтан бүр энэ өөрчлөлтөд хамааралтай. Тэгвэл өнөөдөр /2018.1.22./-өөс МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарыг огцруулах “аян” эхэлж байх шиг байна. Зарим хэвлэлд 2018 оны нэгдүгээр сарын 19-нд бэлтгэсэн “МУИС-ийн багш нарын өргөх бичиг” хэвлэгдсэн байна.

Уг бичгийг товчилбол “…МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь хувь хүн талаасаа МУИС-д гологдож байна. …Бүтэн нэг жилийн хугацаанд бид үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарт болмж өгч, хүлээцтэй хандаж ажилласан боловч МУИС-ийн нөхцөл байдлыг улам дордуулсан” гэсэн байна. Ийм учраас “…Шийдэл хүлээж байгаа ноцтой мэдээллүүдийг шалгаж, асуудлыг шийдвэрлэн МУИС-ийг аварна гэдэгт найдаж байна” гэжээ.

Я.Төмөрбаатар нь 2017 оны гуравдугаар сард томилогдсон. Энэ ажилд очоод арван сар болж байгаа юм.

Тэрээр МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байв. УБДС-ийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. 1999-2007 онд “Кёкүшюзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

Ийм мэдээлэл яваад эхэллээ. Тэгэхээр үүнийг “дээр”-ээс шидсэн чулуу байж магад гэж яриа ч МУИС болоод БСШУЯ хавиар байна.

Үүнээс гадна шинэ сайд Ц.Цогзолмаа  “…СУИС-ийн захирал Э.Сонинтогосыг солино” гэсэн гэх яриа ч бас гараад байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE