Сайд асан Д.Оюунхоролтой холбоотой Богд уулын газрын асуудал сөхөгдөх үү?

 

Богд хан уул бол Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил юм. Зүүнээсээ баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтдог.

Богд хан уулын хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн, дараагийнх нь 2256 метр Түшээ гүн оргил юм.

Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг.

1294 онд гаргасан Монголын Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.

XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог бий. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974,  1995 онуудад 41651 га талбайг дахин бататган дархалжээ.

Богд хаант улсын үед 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ.

Мөн Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчныг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул голын савд багтдаг. Уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ.

Түүнчлэн Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан,  54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг байна. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилж, 588 зүйл ургамал ургадаг. Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой.
Тэгвэл энэ уулын очмын газрууд сүүлийн хоёр жилийн хугацаанд бөөн бөөнөөрөө зарим нэр бүхий хүний мэдэлд очсон байдаг байна. Энэ талаар удахгүй браимт сэлт бүхий мэдээлэл олны өмнө дэлгэгдэх бололтой.

Тодруулбал, 2016-2017 оны үед Богд уул орчмын газар ихээхэн “хөдөлсөн” бөгөөд энэ нь БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой холбогдож магадгүй юм байна. Учир нь хуульд зааснаар Богд уул орчмын газрыг БОАЖ-ын сайдын гарын үсгээр эзэмшүүлж, ашиглуулдаг ажээ.

Үүнээс гадна, саяхан Монголын нэгэн нэрт сэтгүүлч “…Жишээ нь, содон хүмүүсээс Тагнуулын шинэ дарга Богд уулын орчимд 60 га газар авсан байна билээ. Богд уулын газруудыг сүүлийн хоёр жилийн дотор хэн, хэн авсныг хэлэх юм уу, яах юм бэ?” гэж цахим хуудастаа бичсэн байгаа юм.

Өөр бусад мэдээллүүд ч яригдаж байна. Тиймээс сайд асан Д.Оюунхоролтой холбоотой Богд уулын газрын асуудал сөхөгдөж магадгүй нь гэж жиг жуг хийцгээгээд эхэллээ.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE