Ерөнхий сайд Тавантолгойн төслийг “хөдөлгөх”-өө мэдэгдлээ

Монголд хэн ч авч чаддаггүй нэг “гоё юм” бий. Ер нь бол эрх мэдэлтнүүд нөгөөдөө өгөхийг хүсдэггүй гэхэд болно. Шилний цаадах чихэр шиг яваар ирсэн. Тэр бол Тавантолгойн орд юм.

Монгол Улс эдийн засгийн сайн, муу бүх үедээ энэ “толгой”-г л ярьсаар ирсэн. Лав сүүлийн арав гаруй жил тун идэвхтэй ярьж байна.

Хамгийн сүүлд, 2016 оны сүүлчээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Тавантолгойн гэрээ байгуулагдах шахсан. Хятадын “Шиньхуа”, манай “MMC” компаниуд хамтарсан консорциум болж орохоор хэдэн жил хөөцөлдөж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр Монгол Улс Тавантолгойн ордоо Хятадын төрийн өмчит “Шиньхуа” компанитай хамтарч ашиглах нь эрсдэлтэй гээд байгаа. Мөн гэрээний төсөлд ноцтой заалт нэлээд байна гэсэн. Энэ мэт нөлөөлсөн үү яасан, гэрээ байгуулагдалгүй хойшилсон юм.

Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. БНХАУ Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бас сонирхож байгаа. Өнөөдөр Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах. Хоёр дахь нь “Эрдэнэс Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүн дээр бид улс төрийн шийдвэр гаргах ёстой.

Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ. Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн нам гэх шаардлага байхгүй.

Тавантолгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Монголчууд их азтай. Ийм том ордтой байна гэдэг бол аз шүү дээ.

Бага зэргийн хүндрэл учирсан зүйлс байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илааршина гэж бодож байна” гэж мэдэгдлээ.

Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тавантолгойн төслийг хөдөлгөх замаар улсын эдийн засагт дорвитой ахиц үзүүлэхгүй бол Засгийн газар нь ганхаснаас ялгаагүй байдалд ороод байгаа.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх хувь улстөрчийн хувьд Тавантолгойн төслийг эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай хүн.

Тэрээр Ерөнхий сайдаар батламжлагдах үедээ буюу 2017 оны аравдугаар сарын 4-нд “…Оюутолгой, Дубайн гэрээр шалгана. Үнэхээр асуудал гарсан бол хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Тавантолгойг хөдөлгөх ёстой. Яаж хөдөлгөх вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Энэ бол ард түмний өмч бөгөөд үндэсний компаниуд ашиглаж эзэмших ёстой. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Эгийн голын усан цахилгаан станц дээр ОХУ эсрэг байр суурьтай байдаг. Зураг төсөл бэлэн болсон хөтөлбөр хомс байдаг” гэж байсан юм. Мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-ын чуулган дээр “…Тавантолгойн ордод түшиглэн олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн хэлэлцээрийг эцэслэн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх ажлын явц хангалтгүй байна” гэж хэлж байлаа.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE