Америкчуудыг Вьетнам руу дайрах үеэр Монголын Элчин сайдын орлогч хүндээр шархдаж байв

 

УИХ-ын дарга М.Энхболдын Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байгаа юм. Айлчлал энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын дарга Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад найман жилийн дараа айлчилж байгаа юм.

Дашрамд хэлэхэд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд арван гуравт жагсдаг.

Вьетнам нь 10-р зуунд тусгаар улс болохоос өмнө мянган жилийн турш Хятадын захиргаанд байжээ. Үүнээс хойш олон династи хөгжин цэцэглэж байсан боловч 19-р зууны эхэн үед Францын колони болсон байна. Францчуудын эсрэг тэмцлийн үр дүнд 20-р зууны дунд үед тэдгээрийг улсаасаа хөөж чадсан боловч улс төрийн хувьд улс нь хоёр хуваагджээ. Энэ хоёр тал нь Вьетнамын дайны үеэр дайтаж, 1975 онд коммунистууд дийлж ялалт байгуулжээ.

Урт хугацаагаар үргэлжилсэн дайн дууссаны дараа Вьетнам нь улс төрийн хувьд тусгаарлагдсан байна. Засгийн газрынх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шийдвэрүүд нь дайны дараах бүтээн байгуулалтыг саатуулж, ялагдсан талд хандах харьцаа нь эвлэрэх биш, дургүйцэлд хүргэж байв. 1986 онд эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийж олон улсын интеграцчилалд оролцох замд шилжжээ. 2000 он гэхэд ихэнх орнуудтай дипломат харьцаа тогтоосон байв. Сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байв. Энэхүү хүчин чармайлтынхаа хүрээнд 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ.Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс 1977 онд НҮБ-ын гишүүн болсон. Олон улсын засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн, дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улс, эдийн засагтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаатай. 1995 онд АСЕАН, 1998 онд АПЕК-т гишүүнээр элссэн. Гишүүн болсон бусад гол олон улсын байгууллага:

– НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд – Сэргээн босголт хөгжлийн олон улсын банк -Олон улсын иргэний агаарын байгууллага -Олон улсын валютын сан, -ЮНЕСКО -ДЭМБ -Олон улсын далайн байгууллага -Дэлхийн оюуны өмчийн холбоо -АХБ, -АНДЭЗНК -ЭҮНХ.

Вьетнам 1989 оноос Камбожоос цэргээ татаж эхэлсэн бөгөөд гадаад бодлогоо илүү нээлттэй болгожээ. Вьетнам Улс ЗХУ болон Зүүн Европын орнуудтай баримталж байсан чиг шугамаа хадгалахын сацуу Өрнөд Европ болон Азийн хөгжиж буй орнуудтай өргөн харилцаатай байх зарчмыг баримтлах болсон. 1994 он гэхэд Вьетнамын худалдааны 5 том түнш нь бүгд Азийн орнууд болсон байв. Үүнд: Япон, Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос, Хятад орж байна.

Вьетнам улс дэлхийн бүх улстай улс төр, нийгмийн тогтолцооны хэлбэрийг үл харгалзан харилцаа, хамтын ажиллагаагаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоодын хэрэгт үл оролцох, харилцан адил, харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх, социалист орнууд болон хөрш орнуудтай эв нэгдэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзсэн, энхтайван, үндэсний тусгаар тогтнол, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөөх дэлхийн ард түмнүүдийн нийтлэг үйлс, хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, оролцох чиглэлээр энхтайван, найрамдалт харилцааг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж БНСВУ улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд тодорхойлсон байна.

Вьетнам болон түүний хөршүүдийн хооронд гардаг газар нутгийн маргаантай асуудал бол Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли, Параселийн арлууд юм. Вьетнам, Хятад, Филиппин, Малайз, Тайвань, Индонез, Бруней улсууд тус арлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрсдийн газар нутгийн хэсэг хэмээн үздэг.

1970-аад оны дунд үеэс вьетнамчууд хуучин ЗХУ-ыг хэт дагах болсон, Камбожид цэргээ оруулсныг Хятад Улс таашаагаагүйн улмаас Вьетнам-Хятадын харилцаа муудаж эхэлсэн. 1978 оны 3 дугаар сараас Хятад Вьетнамд олгож байсан эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоосон.

1991 онд Вьетнам, Хятадын албан ёсны дипломат харилцаа дахин сэргэсэн. Эдүгээ Хятад нь Вьетнамын гадаад худалдааны гуравдахь түнш болсон бөгөөд тэд цаашдын харилцааныхаа цар хүрээг найрсагаар хөрш зэргэлдээ оршиж, урд удаан тогтвортой бүх талаар хамтран ажиллаж, ирээдүйд хүрэх гэж тодорхойлж байна. Хоёр орны удирдагчид, намын дарга нар харилцан айлчлал хийж, XXI зуунд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолсон.

1995 оны 7 дугаар сарын 11-нд Ерөнхийлөгч Б.Клинтон Вьетнамтай дипломат харилцаа тогтоосноо зарласан. Мөн оны 8 дугаар сард тус хоёр орон ЭСЯ-аа харилцан нээсэн. АНУ-ын зүгээс олзлогдогсод, сураггүй бологсодын асуудлаар Вьетнамтай хамтран ажиллаж, энэ ажлын явц амжилтай байсан тул 1994 онд Вьетнамд тавьж байсан худалдааны хоригоо цуцалсан. Өнөөдөр АНУ Вьетнамд оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр эхний 8 орны тоонд орж байна.

2001 оны 9 дүгээр сарын 6-нд Вьетнам-Америкийн Худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.

2001 онд ОХУ-ын төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч В. Путины анх удаагаа Вьетнамд хийсэн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ мянганд хөгжүүлэхэд чиглэсэн, харилцааны шинэ суурь тавьж өгч байгаагаараа онцлог юм гэж БНСВУ-ын ерөнхийлөгч Чан Дык Лыонг Оросын Үндэсний радио, телевиз-д өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн. Вьетнамын улсын нийт төсвийн 27-29%-ийг газрын тос, байгалийн хийн салбар үйлдвэрлэж гаргадаг бөгөөд Вьетнам, ОХУ-ын хамтарсан Вьетсовпетро газрын тосны хамтарсан үйлдвэр 80%-ийг нь үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр 1981/анх ашиглалтанд орсон/-2005 онд нийт 150 сая тонн газрын тос олзворложээ.

ОХУ Вьетнамд нийтдээ 1,7 тэр бум ам.долларын хөрөнгө оруулсан. Худалдаaны эргэлт 2005 онд 1,100 тэрбум ам.долларт хүрч, экспортын эргэлт 255 сая ам.долларт хүрчээ.

1990 оны эхэн үеэс Вьетнам-Японы харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Харилцан ойлголцох явдлыг бэхжүүлснээр бүх талын хамтын ажиллагаанд хүрсэн бөгөөд энэ нь хоёр улсын 30 жилийн харилцааны хамгийн гол үр дүн гэж Вьетнамчууд тодорхойлдог. Вьетнам- Японы харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд ялангуяа, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдсэн. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 1993 оноос хойш Японы дөрвөн Ерөнхий сайд Вьетнамд, Вьетнамын хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр Ерөнхий сайд Японд айлчилжээ.

“Хүйтэн дайн”-ы үед буюу 1956-1990 онд манай улсын Засгийн Газраас Вьетнамын Засгийн газарт хуучин ханшаар 200 сая гаруй төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгожээ. Тэр үеийн манай хоёр орны харилцааг “Хүйтэн дайн”-ы улбаагаар социалист эвслийн хүрээнд тодорхойлон авч үздэг. Хэдийгээр ихэнх судлаачид манай хоёр оны харилцааг 1990-ээд оны үед улс төрөөс бусад салбарт зогсонги байдалд ороод байсан гэж дүгнэдэг ч түүхэн баримтыг эргэн харахад хараахан ийм дүгнэлт хийж боломгүй юм. Тухайн үед хоёр улсын хоорондын барааны эргэлт бууралтад ороод байсан боловч нэг нь нөгөөгөө дэмжиж ирсэн уламжлалт найрсаг харилцаа байсаар байсныг зарим нэг баримтаар нотолж болно. Тухайлбал, 1993 онд манай улс картын системд шилжээд байхад Вьетнамын талаас шилжилтийн хүнд бэрх үед хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.

БНМАУ-ын Засгийн газар Вьетнамд 1956–1990 oнд нийтдээ 200 сая гаруй төгрөгийн (хуучин ханшаар) буцалтгүй тусламж үзүүлжээ. Үүний зэрэгцээ манай oлoн нийтийн байгууллагуудын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Мөн 1959 oнд бэлэг бoлгoн өгсөн 100 мянган тoлгoй малаас үлдсэн 85 мянган тoлгoй малын oрoнд гуравдагч oрнooс үржлийн үхэр худалдан авахад нь зoриулж 1,5 сая ам.дoллар өгчээ.

Дайны дараах хүнд нөхцөлд байсан Вьетнамын ард түмний амьдрал, төр засгийн үйл ажиллагаанд манай ард түмэн, төр засаг тусламж дэмжлэг үзүүлж, оюутан сурагчдыг нь өөрийн оронд сургаж, дээд боловсрол олгоход ихээхэн анхаарч ажилласан бол Вьетнамын ард түмэн, төр засаг Монголын шилжилтийн хүнд бэрх жилүүдэд манай орны оюутан залуусыг өөрийн оронд боловсрол эзэмшүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байжээ. Энэ нь хүнд бэрх үед бие биесээ дэмжин, түүхэн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлсэн чухал ажлууд болжээ гэж дүгнэж болохоор байна. БНМАУ ч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д, Солонгосын дайны үед БНАСАУ-д тусласантай нэгэн адил хөдөлгөөн өрнөж, багагүй хэмжээний эд материалын тусламж, цэргийн агт морь бэлэглэж, дайнд өнчирсөн Вьетнам,Лаос,Камбожи хүүхдүүдийг тусгай асаргаанд хүлээн авч, эмчилж асарч, сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлсэн ажээ. Дайны үед монголчууд мөн л тэнд ажиллаж байсан юм. Манай дипломатууд болон бусад соц-лагерийн орнуудын дипломат ажилтнуудын авто цуваа Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртөж манай Элчин сайдын орлогч хүндээр шархадсан, мөн нэг ажилтан битүү бэртэл авсан байдаг ба азаар хүний амь үрэгдээгүй байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE