“Роснефть”-ийн саналыг монголчууд ингэж үзэж байжээ-2

Шатахууны үнэ нэмэгдлээ. Энэ цаг үед “…Хэрвээ тээр жил “Роснефть” Монголд 100 ШТС байгуулъя гэж байхад зөвшөөрчихсөн бол өдийд ингэж хэдэн шатахуун импортлогчдын аманд багтаж байхгүй байсан юм “ гэх яриа, санал чих дэлсээд хэд хонов. Тэгвэл тухайн үед “Роснефть”-ийн саналтай холбоотой ямар үйл явдал Монголд өрнөж байсан бэ. Тэр үеийн эх сурвалжуудын мэдээллийг түүвэрлэн хүргэе.

З.Энхболд: С.Баяр бүгдийг хөнгөлөлтөд хамруулна гэж дайраад, 100 ШТС яриад байгаа юм

УИХ-ын гишүүн З.Энхдболдтой ярилцлаа.

-ОХУ-аас 100 шатахуун түгээх станц (ШТС) барих саналыг УИХ-аар хэлэлцүүлсэн. Эсрэг саналтай байгаагаа тайлбарлахгүй юу?

-Мэдээж, өнөөдөр бид шатахууны хэрэгцээгээ хэрхэн хангахыг шийдэх асуудал тулгарчихаад байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдэх ганцхан санал оруулж ирчихээд тулгаад байгаа юм. Хараад, хайгаад үзвэл шийдвэрлэх олон арга бий. Тухайлбал, тусгай үнийн хөнгөлөлтийг шатахууны үнийн өсөлтөд нэрвэгдсэн хэсгийнхэнд л эдлүүлэх хэрэгтэй. Засгийн газар бол ямар ч боломж эрж хайхгүйгээр ОХУ 100 шатахуун түгээх станцын эрх өгчихвөл манайд хямд шатахуун өгнө гэж зөвхөн найдаад л байгаа юм. Гэтэл бизнес бол тийм биш. Баруун зүүн гараараа солилцох л хэрэгтэй. Хамгийн гол нь 100 ШТС-ын эрх олгоно гэдэг нь хуулийг өөрчлөхөөр шаардлага дагуулж байгаа юм. “Ашигт малтмал, газрын тосны тухай хууль”-ийн 2003 оны нэмэлт бол ОХУ-ын “Юкос”-т зориулсан л хууль. Тэд бас манай дотоодын зах зээлд орж ирэхийг, нөлөө тогтоохыг хүссэн. Манайх бодлогоор хязгаарлаж чадсан. Өнөөдөр С.Баярын Зас-гийн газар шатахууны хангамжийг нэмэгдүүлэх олон арга туршаад болохгүй юм байна гэсэн цагтаа энэ 100 колонкийн барьцаатай замыг сонгоё гэсэн саналаа оруулж ирэх ёстой. Гэтэл “Одоо шийд, үгүй бол шатахууны үнэ нэмэгдлээ…” гэж тулгаж байна. Гэтэл дэлхий даяар нэмэгдэж байгаа газрын тосны үнийг зөвхөн Монголд хямдаар өгнө гэдэг бол молиго байхгүй юу. Зүгээр л зах зээлийг эзлэх гэсэн арга. Арганд нь автаад л УИХ-д энэ саналаа тулгалаа, Засгийн газар. ОХУ бол Зүүн Европын орнуудын газ, шатахууны зах зээл рүү хувьчлалын нь үеэр ороод одоо зах зээлийг нь эзэлчихсэн байгаа. Тэр улсын-хаа бодлогыг тодорхойлдог болчихсон. Нефтийн үнэ бол ОХУ-ын гадаад бодлогын чухал хэсэг. Тийм газраас бид шатахуун хямдруулж өгөөч гэж гуйдаг нь утгагүй. Дэлхийн зах зээлд шатахуун нэлэнхүйдээ өсч байхад ийм гуйлгын юм байхгүй. Ямар үнэтэй байна хэн ч тэр үнээр нь л худалдан авч хэрэглэнэ. ШТС байгуулах эрх өгөхөөр чинь л хямд шатахуун өгье гэдэг нь худлаа үг. ШТС байгуулчихсан хойноо “Дэлхийн зах зээл өндөр байна, бид үнийг нэмлээ нэмлээ…” гэж “Роснефть”-ийнхэн хэлэхэд л бид яаж ч чадахгүй.

-”Юкос”-оос шатахуун авдаг үед хэрэгжүүлсэн бодлого тун зөв байсан гэж та хэллээ. Үнэхээр “Юкос” манайд төлөөлөгчийн газраа хүртэл байгуулаад, нэлээд түрэмгий орж ирж байсан?

-Тийм, маш зөв бодлого байсан. Түүнийг одоо ч үргэлжлүүлмээр байгаа юм. Уг нь С.Баяр Путины “Бизнес бол бизнес” гэж хэлснийг хэлээд байгаа юм. Тэгсэн хэрнээ “ОХУ биднийг хуурахгүй, сайн найз бол сайн найз…” гэх дараагийнхаа үгээр ороогоод, ер нь л огт худлаа яриад байгаа юм. Яриа нь зөрчилдөөд байна. Энэ дэлхий дээр үнэгүй юм нэг ч байхгүй.

Ер нь ч бензин хэрэглэж байгаа бүх газарт, хавтгайруулан татаас өгөх ёсгүй юм. Алслагдсан бүс нутаг, нийтийн тээвэр, түргэн тусламж мэт газарт л шатахууны хөнгөлөлт эдлүүлье. Гэтэл С.Баяр бол бүгдийг хөнгөлөлтөд хамруулна гэж дайраад, 100 шатахуун түгээх станц яриад байгаа юм.

Шатахууны үнийг тогтворжуулахын тулд өнгөрсөн хоёр, гуравдугаар сард 12,8 тэрбум төгрөг улсын төсвөөс өгчихсөн. Шатахууны хангамжид улсын төсвөөс нөлөөлөхгүй биш нөлөөлсөн, энэ асуудалд УИХ-аас анхаараагүй биш анхаар-сан. Тэгээд байхад үнэ өссөн хэвээр байна. Хавтгайруулан татаас өгөх арга чинь явахгүй нь ээ гэж л хэлээд байна. Татаасыг хамгийн хэрэгцээтэй газар нь өгсөн бол үр дүн үзэж болох байсан.

-Манай зарим шатахуун импортлогч компани “Роснефть”-ийн 100 шатахуун түгээх станцын тулгалттай нь эрх ашиг нийлчихээд байгаа тухай яригдаж байна. Та сонсч дуулав уу?

-Энэ талаар надад мэдээлэл алга. Гол нь би зарчим ярьж байна. Угаасаа биднээс хамаарахгүй үнийн өсөлтийг барьж тогтооно, хямдаар борлуулна гэж байгаа “Роснефть”-тэй хэн ч хамтраад хэрэггүй. Үр дүн нь адилхан.

Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд хаягласан захидал “Роснефть”-ээс ирсэн. Захидлыг огт мэдэхгүй гэж салбарын сайд мэдэгдэл хийж бай-сан. Түүгээр ч барахгүй С.Баяр сайд “Наранхүү чи энэ завхарсан ажлынхаа учрыг ол…” гэж загнаад л байсан нь жүжиг байж дээ?

-Тийм ээ, “Роснефть”-ийн 100 шатахуун түгээх станцын эрх авах тулгалт цагаан сарын үеэр нийтэд дэлгэгдэхэд үгүйсгээд л байсан. Юу болсон нь одоо бол маш тодорхой харагдаж байна.

-Тэр захидал аман тохиролцооны биелэлтийг нэхсэн мэт байсан?

-Харин С.Баяр сайдын огт мэдэхгүй, Засгийн газрын 100 хоногийн үеэр “Тэр захидлын учрыг Х.Наранхүү сайд одоо болтол олоогүй байна…” гээд байсан захидлын учир л энэ байна шүү дээ. Тэнд дурдагдсан 100 шатахуун түгээх станцын асуудал босч ирээд байгаа нь энэ. Х.Наранхүү, С.Баяр ч хоёулаа худлаа ярьсан байна. Х.Наранхүү бол бараг тэнэж явсан нэг захидлын хаяг дээр гай болоход миний нэр бичигдчихэж л гээд байсан биз дээ. Тэр захидал бичигдэх өдөөгч нь тодорхой, захидал тэнэж биш ирэх ёстой жамаараа явсан байна. Ерөөсөө шатахуун түгээх станцын асуудал олон сар үргэлжилж л байсан байна. Тэр үед Х.Наранхүү С.Баяр хоёулаа нууж байсан нь тодорхой боллоо.

-Булангийн орнуудад Ерөнхийлөгч айлчлах үеэр түүхий тос авчирч боловс-руулах тухай яригдсан. Боловсруулах явц бий болгох нь тийм хүнд, хэцүү юу. Таны хэлснээр үнэхээр хямдаар шатахуун үйлдвэрлэх эхний ажлаа гүй-цээхгүй, хөрш улсаа дэлхийн зах зээлийн үнээс хямдруулж өгөөч гэж гуй-гаад тэрнийхээ хариуд барьцаанд орчихож л дээ?

-Кувейтээс орж ирэх түүхий тос бараг бэлэн болсон. Гэрээгээ хийгээд нэрэх үйлдвэрээ сонгоод, бүтээгдэхүүнээ ачиж авчрах асуудал л үлдсэн байна. Хэрэв тэр сая тн түүхий тосыг боловсруулбал манай улсын хэрэгцээг хангах гол нэрийн 500 мянган тн орчим шатахуун гарна. Энэ нь манай улсын жилийн хэрэг-лээний дөрөвний гурав гэсэн үг. Тэгэхээр энийгээ ашиглахгүй, хойш хаячихаад, ОХУ-ын эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлээд байгаа нь сэжигтэй байна. Арабын хөгжлийн “Абу Даби” сан бол хөгжлийн асуудлаар зээл өгдөг байгууллага. Гэтэл С.Баяр бол нефтийн асуудлаар ярьсан мэтээр будлиад л байгаа юм. Энэ сангийнхан ирж хэзээ ч нефтийн асуудал ярихгүй л байхгүй юу. Тэднийх нефть ярих ямар ч шаардлагагүй газар.

-Кувейтээс түүхий тос зөөвөрлөх хямд боломж юу байна вэ. Өртөг мөнгө өндөр гээд л шууд бэлэн хоол харж, ОХУ-д найдаад байгаа болов уу?

-Гол нь өнөөдөр манай Засгийн газар л санаачилга гаргахын оронд “Роснефть”-д 100 шатахуун түгээх станц өгөх тухай яриад байх юм. Кувейтийн нэг сая тн түүхий тосыг авахад Хятад, ОХУ-ын аль нэг боомтоор дамжина. Зардал өндөр гарах нь үнэн. Үүнийг шийдэж болох арга бий. Казахстанаас Хятадын боловсруулах үйлдвэр рүү түүхий тос нийлүүлэх хоолойтой. Кувейт бол сая тн нефтиэ дэлхийн зах зээл рүү оруулчихаад, мөнгийг нь Казахстанд өгчих хэрэгтэй. Бид Кувейтийн өгсөн түүхий тосыг Казахстанаас авна. Казахстан хямд өртгөөр Хятад руу явуулдаг хоолойгоороо манай түүхий тосыг боловсруулах үйлдвэрт өгчихнө. Үүнийг хийхийн тулд Кувейт, Казахстан, Хятадтай гэрээ бай-гуулахад л хангалттай. Засгийн газар хийхийг хүсэхгүй бол хувийн компаниар хийлгүүлэх хэрэгтэй. Хувийн компани ч байна уу, Засгийн газар ч байна уу, Кувейтийн нэг сая тн түүхий тосыг ингээд шатахуун болгочихвол бид ОХУ-аас хараат биш болох гээд байна. Гэтэл “Роснефть”-ийн эрх ашгийг хамгаалагчид Кувейтийн нэг сая тн түүхий тосыг оруулж ирэхгүй, ажлыг гацаагаад байна л даа.

Ер нь манайх газрын тосны зах зээлдээ хэн нэгнийг ноёлуулахгүйн тулд түүхий тос боловсруулах үйлдвэр яаравчлан байгуулах боломжгүй юу?

-Боломжтой байлгүй яахав. Бүр нэн даруй, энэ жил байгуулах ёстой. Энэ бо-ломжийг О.Даваасамбуу гэдэг нөхөр бас хаачихаад байгаа юм. Сая тн-ын үйлдвэр л оруулж ирэхгүй бол ашиггүй гээд байгаа. Өнөөдөр Тамсагаас 791 мянган баррель түүхий тос гарч байна. Нэг баррель нь 158.9 литр шүү дээ. Үүний 40 хувь нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 320 орчим мянган баррель нефть манайд ногдож байна. Үүнийг боловсруулаад зүүн гурван аймгийг хангаж болно. Боловсруулахын тулд Австралийн мини үйлдвэр ашиг-лах хэрэгтэй. Ер нь бүх нефтийг Улаанбаатараар дамжуулах, хангамжийн түгээлтийн үндсэн цэг нь нийслэл байгаа нь буруу юм. Тэртэй тэргүй нутгийн зүүн хэсэгт түүхий тос гараад ирлээ. Үүнийг ашиглах л хэрэгтэй.

-Тэр Австралийн технологи нь үнэтэй эд биз?

-Ялихгүй. Лав л боловсруулсан тосныхоо ашгаас зардлаа нөхчихнө. Ерөөсөө одоо Оросын нэг компанийг дэмжсэн бодлого л явж байна шүү дээ.

Бас нүүрснээс шингэн түлш гаргах боломж сүүлийн үед их яригдах бол-лоо. Манайд юу л байна нүүрсний нөөц, ордууд байна. Үүнийг ажил амьд-рал болгоё гэвэл боломж, цаг хугацаа хэр шаардах юм бол?

-Бүрэн боломжтой. Нүүрснээс газ гарах ч бүрэн боломжтой. Улаанбаатарын утааг үгүй хийхийн тулд нүүрснээс газ гаргаж иргэдэд хэрэглүүлэх хэрэгтэй л дээ. Бид үүнийг заавал улсын төсвөөс хий гэж шаардаагүй. Төсөл хийчихсэн, судалгаа шинжилгээтэй хүмүүс, компаниуд байна. Тэдгээрийг дэмжих төрийн бодлого л хэрэгтэй байгаа юм. Ядаж зуны дизель түлшээ өөрсдөө гаргаж шатахуун үйлдвэрлэх эхний алхмаа хийхгүй бол дайралт, дарамтаас гарахгүй. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Ийм их боломжоо ашиглахын оронд гуйлга хийгээд, гадны нэг компанийг лоббидоод явж байж болохгүй.

-Засгийн газраас оруулж ирж буй энэ 100 шатахуун түгээх станцын асуудал одоо хэрхэх вэ. Хэр урт настайг нь ярьж байгаа юм аа?

-Одоо бид хэлэлцээд, эхний ээлжинд татварын хөнгөлөлтийн тухай ярих байх. Дараа нь хямдралтай аргаар яг хэрэгцээтэй хэсэгт нь шатахууны хэрэглээний татаас өгөх тухай ярина. Өөр арга зам хайж ч болно. С.Баяр хүссэнийг нь өгчихөөд шатахуун хямдралтай үнээр авч болно гэж хөнгөмсгөөр найдаж байна. Цаашаа явахгүй найдвар л даа. Ер нь Засгийн газрын сүүлийн үеийн байр суурь маш буруу яваад байгаа. УИХ-ын гишүүдээр шийдвэр гаргуулах гэж байгаа бол мэдээллээр хангах ёстой. М.Энхболдын Засгийн газар Оюу Толгойн гэрээг ганцхан хувилбараар УИХ-д оруулж ирж тулгаснаараа алдсан. Бид шатахууны үнэ хямд байхад нөөцөлье гэсэн саналыг С.Баярын Засгийн газарт олон удаа сануулсан. Гэтэл одоо цаг хугацаа шахагдаад, сонгууль дөхөөд ирэхээр ганцхан хувилбар санал болгож өмнөх Засгийн газрын алдааг давтаж байна. Сонгуулийн өмнө оноо авах гэсэн эрх ашиг л даа. ОХУ-д “Биднийг битгий шахаад байгаа-рай. Бидэнд боломж бий шүү” гэж мэдрүүлэх хэрэгтэй. Одоо бол оросууд юун шатахуун түгээх станцууд, Таван толгой, Оюу Толгой гээд л дайрна. Энэ жил нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэрээ барих хэрэгтэй.

2008.5.6. Өдрийн сонин. Б.ХАЖИДМАА

SHARE