“Бензиний үнэ нэмэгдсэнд чи буруутай”

Бензин, дизелийн түлшний үнэ 50, эсвэл 300 төгрөгөөр нэмэгдэхээр болоод байгаа гэвэл хилсдэхгүй. ШӨХТГ-аас эхлээд төрийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авч байгаа боловч шатахуун импортлогчид ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гээд гэдийчихсэн гэнэ лээ.

Тодруулж хэлбэл, шатахуун импортлогчид Засгийн газрыг “…260 тэрбум төгрөгийн татаас өгвөл 50 төгрөгөөр нэмье. Өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ” гэж сандаргаад байгаа юм. Явж явж шатахуун импортлогчид дийлж үнээ нэмж таарна. Ерөнхий сайд ч нөхцөл байдал ийм байгааг мэдээлсэн.

Тэгвэл өнгөрсөн даваа гариг /2018.1.8./-ийн УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар энэ талаар ярьжээ. Мөн л нэмэхээс өөр гарцгүй байгаа тухай холбогдох албаныхан хэлсэн байна. Эцэстээ энэ нь хэрүүл маягийн юмаар өндөрлөсөн байгаа юм. Юу гэвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар “Бензиний үнэ нэмэгдсэнд чи буруутай” хэмээн бие бие рүүгээ дайрч, сүрхий муудалцаад авчээ. Тэдний үзэж буйгаар нөгөө яам нь энэ талаар тодорхой арга хэмжээ аваагүйгээс ингэж нэмэгдсэн гэж байгаа юм байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE