Шүүх эмнэлгийн шударга бус дүгнэлтүүд

Б.ЭНХЖАВ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа агентлаг. Энэ байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй. Сүүлийн үед энэ байгууллагыг тойрсон хэл ам тасрахаа больжээ. Хамгийн сүүлд гэхэд таван настай охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон эсэхийг шинжлэхдээ төлбөр нэхэж улс даяар шуугиан тарьсан. Хүрээлэнгийн захирал Д.Батжаргал үүнийг тайлбарлахдаа сайд нарын алдаатай тушаал руу бурууг чиглүүлсэн. Төлбөрийн чадваргүй иргэд, ялангуяа бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд энэ байгууллага эгц дээш тэнгэр хараад өнгөрөөж ирснийг энэ хэрэг харуулсан хэрэг. Хохирогч охиныг төлбөр төлөх чадваргүй хэмээн шинжилгээ хийхээс татгалзсан тухай мэдээллийг нэгэн залуу олон нийтийн сүлжээнд тавих хүртэл шүү дээ.

Саяхан гэхэд цагдаагийн ажилтнууд иргэдээс авлига авдаг байсан хэргүүд илэрч шалгуулж байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цагдаагийн 140 албан тушаалтныг авлигын хэргээр шалгажээ. Тэдний дунд мөнөөх л шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой хэрэг цохиж явааг албаныхан мэдээлэв. Тодруулбал, шүүхийн шинжилгээг өөрийнх нь хүссэнээр гаргуулж өгнө хэмээн сэжигтнээс авлига авсан гэх хэргийг хуулийнхан шалгаж эхэлжээ.

Ерөөс энэ байгууллагатай холбоотой гомдол ар, араасаа хөвөрдөг. Ялангуяа хүн амины хэрэгтэй холбоотой дүгнэлт зөрсөн, энэ тухай хохирогчдын ар гэрийнхэн гомдол мэдүүлсэн олон тохиолдол сүүлийн хоёр, гурван жилд хэвлэлийн хуудаснаа гарсан. Цөөхөн баримт дурдъя.

Баримт-1:  21 настай бүсгүй найз залуугийнхаа гарт 48 цагийн турш зодуулж нас барсан гэх хэрэг 2013 онд гарч байв. Зодуураас үүдсэн олон тооны гэмтэлтэй ирсэн бүсгүйг харсан гэмтлийн эмнэлгийн эмч нар дуу алдаж байсныг ар гэрийнхэн нь онцолж байв. Талийгаач найз залуугийнхаа дарамтад байдаг тухай олон тооны мессэж ч тухайн үед ил болж, үүнийг баталж талийгаачийн найз хэвлэлд ярилцлага өгч байсан билээ. Олон нийтийг айдаст автуулсан уг хэргийн шалтгаан гадны нөлөөгүй нас баралт гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлтээр үргэлжилсэн юм. Гэвч уг дүгнэлтийг шүүх эмнэлгийн шинжээч эмч нар хуурамчаар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдож байв. Хуурамч дүгнэлт гаргасан хэргээр 12 эмч байцаалт өгч байлаа. Энэ хэргийн холбогдогч залуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилладаг нэгэн байсан мэдээлэл ч тухайн үед гарч байв.

Баримт-2: Марель залгисан гэх Э.Хонгорзул бүсгүй. Бүсгүй 2013 онд гуравдугаар төрөх эмнэлэгт кесарева хагалгаанд орохдоо хэвлийд нь марель “үлдсэнээс” нарийн гэдэс нь угжирч муудан асаргаанд оржээ. Э.Хонгорзулын ар гэрийнхэн энэ явдлыг төрөхийн эмч нарын хариуцлагагүй үйлдэл, хагалгаа хийх үеэрээ марелийг мартсан гэж тайлбарлаж байсан бол шүүх эмнэлгийн дүгнэлтээр бүсгүй өөрөө залгисан болж таарсан. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тухайн үед прокурор гаргаж байлаа. Ямартаа ч энэ хэргийн ард төрөх эмнэлгийн эмч нарын асуудал, бүр цаашлаад эрүүл мэндийн салбарын асуудал яригдсаныг энд онцолъё.

Баримт-3: Цэргийн албанд мордсон залуу сүрьегээр нас барсан хэрэг. Хугацаат цэргийн албанд залуусыг татахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн эрчүүд нь албаа хаадаг хуультай. Энэ ч зарчмаар одоогоос зургаан жилийн өмнө 2010 оны аравдугаар сард Говь-Аймгийн харъяат Б эрүүл мэндийн хувьд асуудалгүй гэсэн дүгнэлтээр Дотоодын цэргийн 805 дугаар ангид хуваарилагджээ. Харамсалтай нь Б нь цэргийн албаа гүйцээж чадалгүй хорвоог орхисон мэдээг ар гэрийнхэн нь хүлээж авсан байна. Талийгаач ар гэрийнхэндээ хал цэргүүдэд зодуулж дарамтлуулдаг байсан тухайгаа тухай бүрт хэлдэг байж. Тиймээс тэд хал цэргүүдийн зодуураас болж хүү нь нас барсан гэж хардан шүүх шинжилгээнд ханджээ. Задлан шинжилгээний хариу сүрьеэгийн менингит хэмээх хүнд өвчнөөс үүдсэн гэж дүгнэжээ. Эрүүл саруул шинжлүүлж цэрэгт мордсон хүү нь ийм хүнд хэлбэрийн өвчинтэй болж хувирсан нь насан туршдаа тайлагдахгүй гомдол хэвээр үлдэж байна. Харин цэрэг, хүчний байгууллагын мэдээлэл ямагт нууц, “цагаан” байдгийг мартаж болохгүй.

Энэ мэтчилэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзсэн, буруутгасан, үл итгэсэн, үнэнээс гажсан олон тохиолдол ард түмний дунд байна. Эмч нар нь ч буруу дүгнэлт гаргадаг болох нь ил болж эхнээсээ хууль шүүхийн байгууллагын хаалга татах болов. Үүний цаана нэг л зүйл бий. Нөгөө л ашиг сонирхол, авлига. Шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүд нь ашиг сонирхлын золиос болж өөрчлөгддөг үү гэх хардлага өөрийн эрхгүй төрөх. Шүүхийн шинжилгээний байгууллага авлигын үүр уурхай болсон юм биш биз!!!

Эх сурвалж: www.news1.mn

 

 

SHARE